Анхны үрээ өлгийдөн авахаар нэгдүгээр төрөхийг зорьсон 27 настай бүсгүй хүүхдээ төрүүлээд амиа алдаж, нярай хүүхэд нь ч мөн эндсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Төрөх дөхсөн 27 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэж байсан ч эмч нар хайхрахгүй байсаар амиа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа аж. Ийнхүү эмнэлэгт эх, хүүхэд хоёр хоёулаа амиа алдсан энэ хэргийг хууль хяналтынханд шалгуулахаар ар гэрийнхэн нь харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Харамсалтайгаар эхнэр, охин хоёроо алдсан Н.Жавхлантай ярилцлаа.
Охиндоо "Учрал" орсон нэр өгье дөө бодож байлаа...
- Анх талийгаачтай хэрхэн танилцаж байсан бэ?
- Одоогоос хоёр жилийн өмнө танилцаж байсан. Би Хөвсгөлийнх. Хотод орж ирээд ажил хайгаад хэвлэлийн үйлдвэрт ажилд орсон. Тэгээд л хэвлэлийн үйлдвэрт эхнэртэйгээ танилцаж байлаа. Тэр минь хэвлэлийн үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч хийдэг байсан юм. Бид хоёр талийгаачийн эмээгийнд хамт байдаг байж байгаад энэ намар тусдаа гарсан. Зуны амралтаараа Хөвсгөл явж амардаг байсан. Сая Хөвсгөлд байж байгаад төрөх болчихоод буцаж ирсэн юм. Би гурван хүүхэдтэй айлын том нь. Харин манай хүн таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь байсан.
- Хүүхэдтэй болсноо анх хэрхэн мэдэж байсан бэ?
- Хүүхэдтэй болсноо өнгөрсөн гуравдугаар сарын эхээр мэдэж байсан. Тэр үед би ажлаар Хөвсгөлд байсан. Хүүхэдтэй болсноо мэдээд ажлаа хурдан дуусгаад гэртээ яарсаар ирсэн. Хүүхддээ ямар нэр өгөх талаар зөндөө ярилцдаг байлаа. Төрөх дөхсөн болоод ч тэрүү сүүлийн үед бүр бодож байсан. Тэгээд ер нь Учрал орсон нэр өгье дөө бодож байлаа. Гэвч ийм л харамсалтай зүйл болчихлоо.
- Залуу хүмүүс байна. Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг байсан бэ?
- Залуу хүмүүс болсон хойно мэдээж ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг байсан. Хэрхэн сайхан амьдрах талаар маш их ярилцдаг байсан.
- Тэр өдөр яг юу болсон юм бэ?
- 18-нд эмчдээ хоёулаа очиж үзүүлсэн. Төрөх хугацаа нь өнгөрчихсөн байна гээд Чингэлтэй дүүргийн эмнэлэг бичиг хийж өгсөн юм. Тэндээс бичиг авчаад эхнэрээ Багшийн дээдэд байдаг найзынхны ажил дээр үлдээчихээд гэртээ очиж хувцас хунарыг нь авчирсан. Нэгдүгээр төрөхөд ирээд хэвтэх бичгээ үзүүлээд л орсон. Гэтэл эмч нар нь энэ бичгээр шууд хэвтэхгүй. Бид нар өөрсдөө шинжилгээ авдаг гэсэн. Тэр шинжилгээгээ ч авсан, төрөх хугацаа нь 12-нд юм байна шүү дээ гээд л дахин хэвтэх бичиг хийж өгсөн. Тэр бичгийг нь аваад хэвтэхээр очтол “Өнөөдөртөө хэвтэх ор байхгүй. Гэртээ хариад амарчих маргааш өглөө эрт ирээрэй” гэсэн. Маргааш өглөө нь эхнэр маань 8 цагийн үед очсон. Гэтэл 15 цаг 50 минутад өрөөнд оруулсан. Найман цаг гаруй коридорт байлгасан. Энэ хугацаанд манай хүн надруу байнга л тэгж байна, ингэж байна гэж хэл дуулгаж байсан. Бүр өнгөрөх хүртлээ мессеж бичиж байсан. Тэр өдрөө өвдөөгүй л дээ. Харин 20-нд буюу хэвтсэнийх нь маргааш манай аав очсон. Үдээс хойш өвдөж эхэллээ гэж ярьж байсан. Тэгээд би ажлаа тараад орой 18-21 цаг хүртэл эмнэлэг дээр нь байсан. Тэгэхэд манай хүн надтай ирж уулзаад л, зүгээр алхаад бууж ирээд байсан. Жаахан л өвдөж байна гэсэн. Тэгээд 23 цагт ганцхан минутын зайтай өвдөж байна гэсэн. Тэгэхээр нь хайр нь очих уу гэсэн чинь “Хүлээж бай. Эмч намайг үзнэ. Тэгээд төрөх орон дээр гаргана.Тэр үед би чамд хэлье. Хүрээд ирээрэй гэж” байсан. Би хүлээгээд л байж байсан.
-Эмчид үзүүлчихээд чамд юу гэж байсан бэ?
-Тэр үед эмчид үзүүлчихээд “Болоогүй байна. Үүрээр дахиад үзий гэж байна” гэсэн мессеж 23 цаг 52 минутад надад ирсэн. Эмч нар нь “сайн өвдөг, унтаж бай” гэж манай хүнд хэлсэн байгаа юм. Маргааш нь буюу 21-ны өглөө би найман цагт нэгдүгээр төрөхөд очсон. Тэгээд шөлөө өгөх гээд нэлээн удаан хүлээсэн. Шөл зөөгөөд байсан хүн ирдэггүй. Тэгэхээр нь улавч авчаад орох гэтэл эмч нь уурлаад “Хамаагүй гадны хүн оруулахгүй” гээд аваад явсан. Юу болж байгаа талаар байнга мессеж бичиж байсан л даа.
Тэгээд 21-ны 17 цаг өнгөрөөд хагалгаа хийсэн. Тэр өдөржингөө манай хүн өвдөөд байсан. Ямар сайндаа манайхан бүгдээрээ ирсэн байхав дээ. Аав, ээж нар маань уулзъя гэсэн. Гэтэл эмч нар ерөөсөө уулзуулаагүй.
Цагийн дараа эмчид үзүүлнэ гэж байсан. Тэгэхэд эмч нь байхгүй хагалгаанд орсон, төрөх ор нь сулраагүй байна гээд үзээгүй. Өдрийн 14 цаг 36 минутад халуурч эхэлсэн. 15 цаг 39 минутад эмч нь үзсэн юм шиг байгаа. Халуунтай болохоор хүүхдийн бичлэг хийж болдоггүй. Тийм болохоор халууныг нь буурахаар эмч нь бичлэг хийнэ гэсэн байсан. 39 хүрээд байсан халуун нь тариа хийгээд 37 болсон. 16 цаг 15 минутад бичлэг хийлгэж байна гэж мессеж бичсэн. Үүнээс хойш надад дахиж мессеж бичээгүй. Бид хоёр дахин холбогдож чадаагүй.
Эмч нар нь та нар гомдолтой байгаа бол та нар шинжилгээ авч болно гэж хэлсэн
-Хагалгаа хэзээ хийсэн бэ?
- 17 цагийн үед хагалгаанд орсон. Ингэхдээ аав, ээж хоёроор гарын үсэг зуруулсан гэсэн.
- Ямар утгатай бичигт гарын үсэг зуруулсан бэ?
- Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Намайг түр гараад ирэх зуур гарын үсэг зуруулсан байсан. Манай хүн хагалгаанд ороод 2-3 цаг болж байж гарсан. Би эмч нартай нь уулзаж яг юу болоод байгаа талаар асуух гэсэн боловч сувилагч нар нь ерөөсөө намайг авч хэлэлцээгүй.
- Хийсвэр хийлгэсний дараа эмч нар ар гэрийхэнтэй нь уулзаж юу гэж хэлсэн бэ?
- Эх, хүүхдийн биеийн байдал муу байна гэсэн. Эх, хүүхдийг тусад нь эрчимт эмчилгээний өрөө рүү оруулсан гэж байсан. Хүүхэд дээрээ тэнд очиж уулзаарай гэж зааж өгсөн. Тэгээд би хүүхдийнхээ эмч дээр нь очиж уулзсан.
- Хүүхдийн нь эмч юу гэж байсан бэ?
- Хүүхдийн эмч нь “Хэцүү байна, бараг найдваргүй хүүхэд” ирсэн шүү гэсэн. Үхлүүт шахуу хүүхэд ирсэн. Өмхий үнэртэй, бие нь замаг шиг ногоон өнгөтэй хүүхэд ирсэн шүү гэж эмч нь хэлж байсан. Тэр эмч надад гурван ширхэг тариа захисан. Тэр тариаг нь би авчирч өгсөн.
-Талийгаачийн эмч нь амь тариа танд захиж байсан уу?
- Надад зургаан тариа захиж байсан.Тэр тариа нь одоо болтол гэрт байж л байгаа. Эмнэлэгт гуурс нь байдаггүй юм боловуу гэж бодоод гуурсыг нь хүртэл авсан. Төрснийхөө дараа хамар амнаас нь цус гараад байна гэж сувилагч нь хэлж байсан.Тэгэхээр нь би “Би өөрөө очоод ирье гэхэд “Үгүй тэнд чинь сахидаг хүн байгаа” гээд намайг оруулаагүй. 21-ны 19 цагт намайг тариа авчирсны дараа эмч нь “Танай хүн хэцүү байна. Дахиж хагалгаа хийх шаардлагатай. Цус их алдсан. Хагалгаа хийх шаардлагатай. Эмчид нь хэлсэн байгаа одоо ирж байгаа" гэсэн. Тэгээд удаагүй байтал хоёр нь ороод уулзаадах гэсэн. Хадам аавтайгаа би төрөхийн хаалганы цонхоор нь шахуу орсон.Бид хоёрын урдаас тэр эмч нь халаад шидсэн. Энийг өмсөөд хурдан эмчтэй уулз гэж байсан.
- Тэгээд эмч нь та хоёрт юу гэсэн бэ?
- Тэр эмч нь гараа угаахдаа “Ер нь маш хэцүү байна шүү. Юу ч болсон аврах гээд үзий” гэж байсан. Тэгээд л 21-ны 20-21 цагийн үед энэ үйл явдал болсон. Цагийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Цаг нар мэдэх сөхөө ч байгаагүй.
- Хагалгаанаас гарч ирсний дараа эмч нь та нартай уулзсан уу?
- Хагалгаанаас гарч ирээд эмч нь “За ёстой чадах бүх юмаа хийлээ. Бүтсэнгүй” гээд л гарч ирсэн. Хоёр эрэгтэй эмч хагалгааны өрөө рүү орсон. Дараа нь тогонд цохиулдаг юм авч оруулж байсан. Зүрх ирчих шиг боллоо гээд шууд таван давхар луу аваад гарсан. Бид нар нөгөө талын шатаар таван давхарт нь очсон.
Нэг их удаагүй байтал “Эмч нар нас барчихлаа” гээд гарч ирсэн. Тэр үед 22 цаг өнгөрч байсан байх. Өнгөрсний дараа нь гурван эмч уулзсан. ”Хүлцэл өчье” гэсэн.
Манайхан гомдолтой байгаагаа хэлсэн. Хоёр хөлөөрөө зүгээр л танай эмнэлэгт орж ирээд ийм харамсалтай хэрэг боллоо. Гурван өдөр энэ хүн өвдөж байхад яагаад та нар анхаарал тавиагүй юм бэ гэсэн. Тэгэхэд эмч нар нь та нар гомдолтой бол та нар шинжилгээ авч болно гэж байсан.
Нас барсаных нь дараа тэр 50 мянган төгрөгийг талийгаачийн утасны хавтсанд нь хийгээд явуулчихсан байсан
- Танайхан энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэсэн?
- 22-нд гомдол гаргах гээд амжаагүй. Ном уншуулж гандангаар явж байсан. Тэгсэн өдөр нь 12 цаг өнгөрч байхад хүүхдийн эмч нь утасдаж “Хүүхэд чинь маш хүнд байна. Одоо яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгээд яваад очиход өмнөх өдөр нь буюу 21-ны орой 23 цагийн үед уулзсан хүүхдийнхээ эмчтэй нь уулзсан. Тэгэхэд танай хүүхэд уйлахгүй байна, хөл гар нь хөдлөөд байгаа. 3 кг 550 грамм эмэгтэй хүүхэд төрсөн гэсэн.
- Хүүхдээ төрсөнөөс хойш 4 цагийн дараа 3 кг 550 грамм эмэгтэй хүүхэдтэй болсоноо мэдсэн юм уу?
- Тиймээ. Би хүүхдээ төрсөн гэдгийг нь мэдсэн ч тодорхой мэдээллийг нь 4 цагийн дараа буюу 23 цагт мэдэж байгаа юм. Бид нарт ямар хүүхэд төрсөн талаар юу ч хэлээгүй. Бид нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан.
Эмнэлгээс шинжилгээ авсан. Шүүх эмнэлгээс бас шинжилгээ авсан байгаа. Гэхдээ эх нялхасаас авч байгаа шинжилгээнд бид нар итгэхгүй байгаа. Одоо шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна. Бид нар маш их гомдолтой байна. Үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр “Нас нь болоогүй байсан. Мэс хүрэх ёсгүй газар нь хүргэсэнээс болж их хэмжээний цус алдаж нас барсан байна” гэсэн. Эмч нар нь маш хариуцлагагүй хандсан. Багаар бодоход 24 цаг өвдөж байхад ямар ч арга хэмжээ аваагүй.
- Хүүхэд тань уушигны хатгалгаатай төрсөн гэж байна. Өмнө нь хяналтад зүгээр гэж байхад танай хүүхэд хяналтад ямар нэг асуудал байсан уу?
- Хяналтад байхад зүгээр гэж байсан. Хөвсгөлд байхдаа ЭХО-д хамт үзүүлэхэд зүгээр л байна гэсэн. Гэхдээ ээж нь халуурсанаас болсон юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Эмч нар хүнийг 39 хэм хүртэл халуурч байхад хүлээгээд ямар ч арга хэмжээ аваагүй шүү дээ.
- Сүүлийн үед төрөх гэж байгаа хүмүүс бүгд эх баригчдад нь мөнгө өгдөг болсон. Та нар эмчид нь мөнгө өгсөн үү?
- Харин тэр мөнгийг нь эртхэн л өгөх ёстой байсан юм шиг байна. Сүүлд нь хоёр дахь хагалгааны өмнө 50 мянган төгрөг өгсөн. Гэтэл нас барсаныхаа дараа тэр 50 мянган төгрөгийг талийгаачийн утасны хавтсанд нь хийгээд явуулсан байгаа юм даа. Мөнгө төгрөг өгөөгүй болохоор ийм удаан хүлээлгэж, хүний амь насанд хүрсэн байх гэж би бодож байгаа.
- Эртхэн мөнгө өгч болоогүй юмуу?
- Би 21-ний 14 цагийн үед л мөнгөтэй болсон. Тэгээд орой хоёр дахь хагалгааны өмнө 6,7 цагийн үед өгсөн минь тэр. Эрүүл мэндийн сайд шинээр томилогдвол гомдол, өргөдөл гаргана гэж бодож байгаа. Миний энэ хийж байгаа үйлдэл дараа дараагийн эх, үр хагацал бүү амсаасай гэснийх. Дараа хэн нэгэнд надад тохиолдсон шиг уй гашуу битгий тохиолдоосой.
Тэр үед нь л би хэдэн төгрөг өгсөн бол гэж одоо харамсдаг
- Уучлаарай. Хадам аав чинь талийгаачийн сав нь ногоорсон гэж байсан гэж ярьсан байсан?
- Ус нь дотроо хагарсан байх. Хагалгаагаар төрөөд сав нь агших ёстой байдаг гэсэн. Гэтэл талийгаачийн маань сав нь агшаагүй гэсэн. Тэгэхээр нь хагалгаа хийсэн эмч нь хүчээр савыг нь хумиад оёсон гэж байгаа. Залуу хүн дахиад төрнө, тийм болохоор савыг нь хумиад оёсон гэж байсан.
- Үхлийн шалтгааныг нь юу гэж бодож байна?
- Эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа. Хяналтад байхдаа ямар нэг асуудал байгаагүй. Хоёр хөлөөрөө л эмнэлэгт орсон. Гэтэл ийм харамсалтай хэрэг боллоо.
Ганцхан минутын зайтай өвдөж байгаа хүнийг “төрөх болоогүй байна. Унт, сайн өвдөг, үүрээр үзий” гэсэн байсан. Би одоо боддог юм. Тэр үед нь л би хэдэн төгрөг өгсөн бол гэж гэж одоо харамсдаг.
- Эмнэлгээс бичиг баримтыг нь авсан байсан гэсэн. Энэ үнэн үү?
- Үнэн. Уг нь бичиг баримтыг нь эх хүн өөрөө авах эрхтэй. Гэтэл манай хүний бичиг баримтыг Эх нялхасын Пагмадулам гэж эмч Чингэлтэй дүүргийн эмнэлгээс авчихсан байна лээ. Тэр бичиг баримтыг нь аав бид хоёр Эх нялхасаас очиж авсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очоод та нар яагаад хүний бичиг баримт өгч байгаа юм бэ гээд эмчилж байсан эмчээс нь асуухад “Намайг байхгүй байхад аваад явсан байна” гэсэн.
- Хамгийн сүүлд хэзээ эхнэртэйгээ уулзсан бэ?
- Би 20-ны орой 18-с 21 цаг хүртэл эмнэлэг дээр байсан. Тэгэхэд манай хүн гарч ирж уулзсан. Манай хүн “Жаахан л өвдөж байна. Өнөө шөнө төрчих байх” гэж байсан минь бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байж дээ.
Гэр бүлийн хувьд хүнд хэцүү байгаа энэ үед сэтгэлээсээ дэлгэрэнгүй ярилцсан танд талархлаа. Сhuhal.mn сайтын редакцын хамт олны өмнөөс болоод уншигчдынхаа өмнөөс танд эмгэнэл илэрхийлж байна.
Б.Дорж