8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Таван уурхайчны амь насыг аварч, Хувьцаа худалдаж авахаар болсон өдөр

2016-06-09 18:59:00

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.

Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан. Д.Нямсүрэн : Дөрвөн цаг шүлгээс иш татлаа. Бүрхэг бороотой өдрийн мэнд. Гадаа хэдий бүрхэг байгаа ч гэсэн улс төрийнхөн бужигнаж, сонгууль хаяанд ирсэн ээлжит нэгэн өдөр халаагаа өгч байна. Үдэш бүхний энэ цагт уншигч таньд хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Шинэ, сонин, содон мэдээлэлээр дүүрэн тойм булангаа хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ч.Сайханбилэг: Хувьцаа худалдаж авна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн байна. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлаар хэлэлцэх юм байна. Ингэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй.  Хувьцааг худалдаж авах асуудлыг энэ сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. 

Тавилттай” шийдвэр ба Тэтгэврийн нэмэгдэл

Сүүлийн үед нийгэм, улс төрийн амьдралд “Тавилттай” зүйл нэлээд ажиглагдах боллоо. Арга ч үгүй биздээ энэ жил сонгуулийн жил. Илүү сартай зун гэдэгтэй агаар нэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд идэж ууж, наадаж наргиж ханасан эрхмүүд хөрсөн дээрээ буух болж гэнэтийн шийдвэр гаргах нь олон нийтэд хачиртайлтай санагдах боллоо. Учир нь улс төрийн шоу, сонгуулийн оноо авах нэг арга нь “Тавилттай” шийдвэр гэдгийг учир мэдэх нэгэн ч ярих юм. Үүний хамгийн сүүлийн сонгодог жишээ нь Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж, тэтгэврийн хэмжээг энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.  Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон.

“Ор хоосон байснаас нэг өдрийн талх, сүүний мөнгө ч гэсэн хаа юм гэж үзэх нэгэн байхад нөгөө хэсэг нь бид бүх насаараа зүтгэсэн байхад 21 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа нь сонгуулийн шоу. Тэтгэвэр нэмбэл нэмсэн шиг нэмэх хэрэгтэй” хэмээн ундууцах ахмадууд ч цөөнгүй байгаа нь илт байлаа.

Тиймээс ахмадууд энэ сарын тэтгэвэр дээр нэмэгдэл болгож 21 мянган төгрөг авсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 хүрэхгүй  хувиар нэмэгдүүлсэн шийдвэр байв. “Ор хоосон байснаас нэг өдрийн талх, сүүний мөнгө ч гэсэн хаа юм гэж үзэх нэгэн байхад нөгөө хэсэг нь бид бүх насаараа зүтгэсэн байхад 21 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа нь сонгуулийн шоу. Тэтгэвэр нэмбэл нэмсэн шиг нэмэх хэрэгтэй” хэмээн ундууцах ахмадууд ч цөөнгүй байгаа нь илт байлаа.  Харин Засгийн газар энэ шийдвэртээ нэлээд итгэлтэй бүр "Засгийн газрын зорилт биелэлээ" гэж тайлбарлаж байгаа сурагтай. Хамгийн сүүлд гарсан статистикаас харахад одоогийн байдлаар энэ оны төсвийн алдагдал өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн байдалтай байгаа аж. Энэ оны эхний гурван сарын төсвийн орлого, зарлагын зөрүү 1.1 их наяд болон 1.7 их наядад хүрч, 616 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байна. Манай улсын эдийн засгийн өнөөдрийн бодит дүр төрх энэ. Инфялци сар тутамд өмнөхөөсөө өсч байгаа гэдгийг хэнээс ч илүү мэдэх газар бол Засгийн газар. Төсөв алдагдалтай байгаа энэ цаг үед уг шийдвэр хэр оновчтой шийдвэр байсан бол. Ингэлээ гээд сонгох нь юу л бол. Цаашдаа ч төсвийн алдагдал нь улам  нэмэгдэнэ.  Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Н. Одхүү: “Харгиа”-д технологийн шинэчлэл хийх шаардлагатай

Арьс шир боловсруулах үйлдвэрээс гарч буй бохирыг “Харгиа” цэвэрлэх байгууламж  шүүдэг. Үйлдвэрүүдийн хамаг л бохир усыг цэвэрлэж буй энэ байгууламж Улаанбаатар хотын салхин дээр байрладаг юм байна. Бохир ус, арьс ширний бохирдол  цэвэрлэх  газраас гарч буй эвгүй, эхүүн  үнэр хавь ойрд нь хүн тогтох аргагүй болгосоор өдийг хүрсэн. Энэ байгууламжийг нийслэлээс гаргах талаар яригдаад л нам гүм болчихсон.

Өчигдөр шадар сайд Ц.Оюунбаатар, МХЕГ, ШӨХТГ хамтарсан шалгалт хийж, бодит байдалтай танилцсан юм. Шадар сайд Ц.Оюунбаатар хэлэхдээ “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нийслэлээс гаргах ёстой. Нийслэлээс гарна гэж олон жил ярьсан. Өнгөрсөн 2012 онд Засгийн газрын тогтоол гарсан. Одоо бас өөр нэг тогтоол гарчихсан байна. Ийм байдал ард иргэд амьдарч болохгүй. Арьс ширний үйлдвэрийн бохирыг шийдвэрлэх хэрэгтэй. Үнэр танар гэж аймар байна. Хром хорт бодис хөрс агаарыг бохирдуулдаг. Иймээс үйлдвэрийн эрх ашгийг  бодож, иргэдийн эрүүл мэндийг хохироохгүй байх хэрэгтэй. Нэн даруй арьс ширний үйлдвэрийг зогсоох хэрэгтэй. Улс онцгой комиссоор оруулж хэлэлцэнэ” гэв.

 “Харгиа”-г тойроод үйлдвэрийн газар, орон сууцны барилга олон байна. Тэр хавийн орон сууцны үнэ хямд учраас оршин суугчид нь сонгосон тухайгаа учирлаж байлаа.  Гэвч байрандаа орсон хойно нь өмхий үнэр хамар цоргиж, үр хүүхдээ ч салхилуулах аргагүй хорионд орчихсон  хэмээн харамсаж байв. 

Хуулиар бол цэвэрлэх байгууламжийн орчинд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гээд заачихсан байдаг юм байна. Хуулийн энэ заалтыг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтан зөрчөөд, газар олгоод барилга барих зөвшөөрлийг нь өгчихсөн байна.

Хажуугаар нь гараад явахад амьсгалах аргагүй болж байхад дэргэд нь амьдарч буй айлууд зуны халууныг хэрхэн барах вэ. Ямар нэгэн халдварт өвчин тусахгүй гэх баталгаа эндэхийн оршин суугчдад байхгүй  байна.

25 үйлдвэрийн бохирыг цэвэрлэдэг юм байна

 “Харгиа” цэвэрлэх байгууламж 1972 онд томоохон үйлдвэрүүдийн бохирыг цэвэрлэх зориулалтаар байгуулагдаж байсан.  Өдгөө  арьс ширний 25 үйлдвэр, ноос  ноолуурын хоёр үйлдвэртэй гэрээтэй ажилладаг юм байна.

2010-2012 онд техникийн шинэчлэл хийгдэж байсан байна.   “Харгиа” нь арьс, ширний хаягдал буюу хром болон сульфаттай усыг нэг шугамаар дамжуулдаг байсан. Түүнээс болж хүхэр, аммиак зэргийн хортой нэгдлүүд үүсдэг байсан аж.Тиймээс дээрх хаягдлыг нэг шугамаар явуулж исэлдэж, урвалд оруулахгүйн тулд хоёр тусдаа шугам тавьсан байна.

Н. Одхүү: Манайх төсвөөс мөнгө авдаггүй

Байгууламжид эвдрэл гарч, бохир  нь хальж,  нийслэлийг өмхийгөөр утаж байсан нь саяхан. Тиймээс  1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник технологийн шинэчлэлтийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийлгэсэн байдаг юм байна. Гэвч энэ ажил нь хоёр үе шаттай явагдсан, хоорондоо таарахгүй, шаардлага хангахгүй техник тавьсан гэх хэл ам дагуулж байсан аж. Ингээд Харгиа” цэвэрлэх байгууламжийн захирал Н. Одхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. Тодруулгыг энд дарж үзнэ үү. 

Л.Гүндалай: Орхонд эхнэрээ дэвшүүллээ, намайг л гэж бодоорой

Монгол Улсын түүхэнд эхнэр нөхөр хоёулаа нэг зэрэг УИХ-д нэр дэвшиж байсан түүх байхгүй. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай болон түүний эхнэр Л.Аззаяа нар нэр дэвшиж байна. Сонгуулийн ажлаа эртнээс базааж эхэлсэн Л.Гүндалай Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж байгаа бол эхнэр нь Орхон аймагт нэр дэвшихээр болоод байгаа. Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж буй эрхэм горилогч маань хэвлэлийнхэнд "Орхон намаа байгуулсан. Энэ ч утгаараа, тус аймагт өөрийн хань, овог нэгтэй эхнэр Л.Аззаяагаа нэр дэвшүүллээ. Нэг биеийн минь хань, нимгэн дээлийн минь давхарга болсон миний хань намайг бүрэн орлоно. Намайг л гэж бодоорой" хэмээн аминчлан захижээ.

Аврагчид таван уурхайчны амь насыг аврав

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 08 минутанд Уул уурхайн аврах ангид Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зоогийн эх” ХХК-ны уурхайд таван хүн нурангид дарагдсан дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

Албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж хайгуул хийхэд уурхайн ам 90 градусын босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байжээ. Уурхайн нурсан бэхэлгээ, мод, шороог 25 метрийн гүнээс дээш олсоор татуулан дарагдсан таван уурхайчинтай холбоо тогтоон цооног руу гар станц болон аврах олсыг оруулж уурхайчдыг нэг, нэгээр нь дээш татан гаргах аврах ажиллагааг явуулжээ. Аврах үйл ажиллагаа 4 цаг 30 минут үргэлжилж таван уурхайчныг эсэн мэнд аварч эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн байна.

З.Энхболд: Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн дөрвөн жилд харууллаа

“Бондын бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг Шангрила зочид буудалд болж байна. Шинэчлэлийн Засгийн газраас 1.5 тэрбум долларын “Чингис” бондыг олон улсын хөрөнгийн зах зэлэд амжилттай арилжиж, зээлсэн мөнгөө дэд бүтэц болон томоохон төслүүдээ урагшлуулах, мөн экспортыг дэмжих, импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан.

Хэлэлцүүлгийн хүрээнд бондын мөнгөөр санхүүжсэн орон нутгийн авто зам, Нийслэлийн авто зам, Гудамж төсөл, Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн авто зам, Тавантолгой, Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төмөр зам, Амгалан дулааны станцын төсөл, Буянт Ухаа I, II төсөл, Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд, Сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүлэмжийн төслүүд, Жижиг, дунд үйлдвэрлэл, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Тавантолгойн цахилгаан станцын төслийн танилцуулгуудыг хийх юм.

УИХ-ын дарга З.Энхболд “Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд газраа зарж, олсон мөнгөө бэлнээр тараадаг байсан бол одоо бүтээн байгуулалт хийж эхэллээ. Монголчууд бид бүтээн байгуулж чадна гэдгээ өнгөрсөн дөрвөн жилд харууллаа. Халамж авч биш бүтээн байгуулж чадлаа. Монгол Улс зөв замыг олсон" гэж онцолсон юм. Монгол Улс анх удаа олон улсын зах зээлд бонд гаргаж 1.5 тэрбум ам.долларын зээлийг авч, цөөнгүй төслийг санхүүжүүлсэн. Үүнд авто замын бүтээн байгуулалт гүйцэтгэл 84 хувьтай байгаа аж. Энэ талаар дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Ц.Хулан: Танд уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан ил захидал бичжээ. Энэхүү захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Ёс төрөө бодож хатуу хүтүү загналгүй, ухаарлын хаттай үг үсэг өрж захидал бичих гэсээр тэсэн тэвчиж өдийг хүрэв. Яг үнэнээ хэлэхэд, Танд уур хүрээд байна, Ерөнхийлөгч өө!

Долоон жил гаруйн өмнө Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд хамаг итгэл горьдлогоо үлдэгдэлгүй хуу хамаад сонгуулийн чинь хайрцганд хийчихсэн олон зуун мянган хүний нэг би юм. Хувь хувьсгалын элдэв хориг саадыг давж, өгөө аваа саналгүй Таныг сонгоход надад тийм ч амар байгаагүй ээ. Гэхдээ хувьхан ганц миний санал өчнөөн олон сонгогчийг, ялангуяа нийслэлийн хашир сонгогчдыг дагуулсныг нийтээрээ гадарлана. Ээжийн тань "Жавар ордоггүй жалга, сайн муу үг дуулдаггүй хүн гэж байдаггүй юм, миний хүү" гэсэн цэцэн сургаалтай сурвалжлага гарсан Өдрийн сонины нөгөө бөөрөнд "Андын журам...бодож Элбэгээгээ дэмжинэ ээ" гэдэг миний ярилцлага голийтэл хэвлэгдэж байлаа, сонгуулийн яг урьд өдөр. Бачирхсандаа энэ бүгдийг нуршаагүй юм шүү, зүгээр л Та олон зүйлийг мартсан шиг байна. Хүн ер нь яах гэж Улсын хаан болдог юм? Улс орноо эв эетэй байлгаж, хууль ёсыг чандлан бэхжүүлж, дээдсийн эрхийг хамжаарлан доодсоо тэттэх... ердөө энэ л байлтай.

Наад захын хүн үүнийг мэднэ. Гэтэл Таны засагласан он жилүүдэд чухам юу болоод өнгөрөв өө? Хагарал тэмцэл, урвалт шарвалт, уналт доройтол, ядуурал, хямрал, уугуул намын чинь доторх зодоон цохион...Эцэстээ энэ Сонгуулийн шинэ хууль, сонгуульд нэр дэвшигчдийн царайг хар. Энэ бол Таны байгаа царай юм. Өөр ялтан буруутан надад үнэхээр олдохгүй байна, өршөөгөөрэй. Р.Бурмаа ч бил үү, хүмүүсийн төслөөр Сонгуулийн шинэ хуулийг УИХ баталж "гүйлгээнд" оруулахдаа хэд хэдэн заалтаар монгол хүний сонгох сонгогдох Үндсэн хууль дахь эрхийг ноцтой зөрчиж, хөсөрдүүлсэн ч Та дүлий дүмбэ царайлж суусаар хугацааг нь тулгачихсан. Шинэ хууль 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын танхимд "алхаа цохиулж" нийтэд танилцагдсан. Энэ хуулиар УИХ-ын сонгуульд аль нэг намаас, эсвэл бие дааж нэр дэвшигч хэрэв төрийн байгууллагын удирдах ажилтан бол 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ажил албаа нэгмөсөн хүлээлгэж өгөх ёстой гэж заасан байв. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Өнөөдөр болсон үйл явдлын тойм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл