8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: СЕХ-ноос нэр дэвшигчдийг эцсийн байдлаар танилцуулж, Автомашины гаалийн татварыг чөлөөлсөн өдөр

2016-06-07 19:07:00

Өдрийн аагим халуун үдшийн сэрүүн сэвэлзүүр салхиар солигдож энэ цаг мөчийн хамт уншигч та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдөр нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа уншигч та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авч уншина уу.  

Автомашины гаалийн татварыг өнөөдрөөс эхлэн чөлөөлнө

Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Уг хэлэлцээрийн хүрээнд монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах аж. Ингэхдээ Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болжээ. Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-оос буюу өнөөдрөөс эхлэн тэглэгдэх юм байна. Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй гэнэ. 

Б.Гарамгайбаатараас хагас тэрбумын авлагатай компаний ажилчид өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

“Тэс петролиум” ХХК-аас энэ тавдугаар сарын 30-нд СЕХ-нд хандан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын нэрийг татуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Учир нь түүний эзэмшлийн “Монроуд” ХХК нь "Тэс петролиум" компаниас гэрээний дагуу хагас тэрбум төгрөгийн нефтийн бүтээгдэхүүн авч хэрэглэчихээд өнөөг хүртэл мөнгийг нь өгөхгүй байгаа гэнэ. Хоёр ч шатны шүүхээс Б.Гарамгайбаатарын “Монроуд” компаниас мөнгө гаргуулж "Тэс петролиум"-ийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл Б.Гарамгайбаатарын талаар энэ сарын 2-ны өдөр СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгийн нэр дээр  дахин гомдол ирүүлжээ. Энэхүү гомдолд нь  "Б.Гарамгайбаатар нь хуульд заасан шаардлагыг хангахгүй болох нь тодорхой болмогц өөрийн өмчлөлийн өртэй компаниа хүү Г.Тэнгисийн нэр дээр шилжүүлэх замаар өр төлбөргүй мэт дүр эсгэн, Монгол Улсын сонгууль, түүнийг зохион байгуулж байгаа төрийн байгууллага болох СЕХ-г, улмаар сонгогчдыг хууран мэхэлж, залилан нэрээ дэвшүүлэн бүртгүүлэх гэж байна” гэжээ. Тиймээс "Тэс петролиум" компаний 30 ажилчин өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн байна. Тус компаний ажилчид 18 сарынхаа цалинг авч чадаагүй аж. 

Эзэн Чингисийн өлгий нутгийнхан хэнд итгэл хүлээлгэх вэ

Сонгууль болоход цөөхөн хэд хоног үлдээд байна. Энэ удаагийн сонгуулиар хэн хаана өрсөлдөх талаар мэдээлэлийг манай сайт тойрог бүрээр багцалж хүргэж байгаа билээ. Харин энэ удаад Хан Хэнтий нутагт ямар аавын хөвгүүд хүч үзэх гэж байгаа талаар мэдээлэл хүргэе. Энэ удаагийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Ерөнхий сайдын зөвлөх асах М.Хүдэрбаатар, ИЗНН-аас Г.Батболд нар нэр дэвшинэ. Харин дараагийн тойрогт МАН-аас Л.Оюун-Эрдэнэ, АН-аас Б.Гарамгайбаатар, ТТЭНН-аас Б.Хүдэр-Ян нар өрсөлдөнө. Харин 3 дахь тойргоос Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Гантулга, Хэнтий аймгийн Засаг дарга,  Эрлэг Шонхор ХХК-ийн захирал Ж.Оюунбаатар нэр дэвшихээр үнэмлэхээ гардан авлаа. 

            
Эзэн Чингисийн өлгий нутгийнхан хэнд итгэл хүлээлгэх вэ

Тойрог хувиарлахаас эхлээд маргаантай эхэлсэн Хэнтий аймагт дээрх нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөх нь дамжиггүй. Өмнөх сонгуулиар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, АН-аас Б.Гарамгайбаатар нарт итгэл хүлээлгэж байсан бол энэ жил шинэ боловсон хүчнүүдэд итгэл хүлээлгэх магадлалтай байна. Өмнө УИХ-ын чуулган дээр Б.Гарамгайбаатар гишүүн “Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм. Надад бол тэгж тойрог дээрээ юм хум нэмдэг туршлага байхгүй.Хэнтий аймаг сүүлийн ардчиллын 12 жилд дандаа МАН-ынхныг сонгож байсан. 12 жилийн дараа ганц гишүүн гарсан нь би. Би Хэнтийд очоод сонгогдчихно гэж бодохгүй байна. Би хийсэн ажлаа тайлагнаад явж очино. Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм. Та нар зүүн бүсийг эзгүй болгосон. Би өөрийгөө сонгуулах гэж Хэнтий аймагт ийм юм хийгээгүй. Би өрсөлдөнө. Сонгох, сонгогдох эрх нь ард түмэнд байдаг юм.Би та нар шиг гуйж очихгүй. Би Хэнтийн ард түмэнд байсан, байх ёстой эрхийг нь Хэнтийн ард түмэнд өгсөн юм. Үүгээрээ би бахархах болно” хэмээн хэлж, ахиад надад итгэл хүлээлгэнэ хэмээн дугарч харагдсан. Харин нутгийн иргэд АН-аас сонгогдож байсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд рейтэнг маш муу, бүр навс унасан бололтой. Учир нь тэрбээр өнгөрөгч 2012 оны сонгуульд ялалт байгуулахдаа хэлж ярьж байсан зүйлээс өнөөдөр биелэсэн зүйл үгүй хэмээн нутгийн ард түмэн дүгнэж байгаа аж. Мөн үүнээс  гадна түүний хувийнх нь компанийн тавьтсан гэх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх  50 км зам түүний нэр хүндийг унагахад маш их нөлөөлсөн байна. Түүний тавьсан чанаргүй замд зориулан нутгийн ард түмэн дуу хүртэл зохиосон байна. Тодруулбал, 

 “Гарамгай гишүүний зам ирлээ 
Гар хөлөө мэдэж яваарай
Сэгсгэр гишүүний зам ирлээ
Сэтгэл юугаа чангалж яваарай” гэх дуу хүртэл зохиосон байна.

Харин эрхэм гишүүний хувьд энэ дууг ч анзаарахгүй “Би Хэнтий аймагт нэг тойрог нэмж өгсөн юм. Тэгээд яах юм” хэмээн том дуугарч байгаа харагдсан. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн хүү ТТЭНН-аас нэр дэвшиж байгаа Б.Хүдэр-Ян, МАН-аас нэр дэвшигч  Л.Оюун-Эрдэнэ нартай өрсөлдөнө. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

Т.Мэндсайхан: Аймаг бүрт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдаж байгаа

Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хууль зөрчсөн гэж үзэн, зургадугаар сарын 1-нээс хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, аймаг болон дүүргүүдийн дунд шүүх байгуулан, дагнасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулж байсныг болиулах шийдвэр гарсан. Ингэснээр шүүхүүдийг нэмж байгуулан, өмнөх тогтолцоо руугаа эргэн шилжихээр болсон юм.Шинэ зохицуулалтаар 15 шүүх нэмж байгуулна. Энэ  сарын 1 гэхэд давж заалдах шатны 19 шүүх 26 болж нэмэгдэнэ. Мөн дүүргийн найман шүүх 16 болно. Мөн анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэх юм байна.

Давж заалдах шатны шүүхийн зохицуулалтыг ингэж хийжээ. Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрд эрүүгийн болон иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулна. Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд дараах байдлаар зохицуулжээ. Долоон дүүрэг тус бүрд эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхтэй болно. Зөвхөн Багахангай, Налайх дүүргийн дунд л эрүү, иргэний тус бүр нэг шүүх байгуулахаар зохицуулсан байна. Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т. Мэндсайхантай ярилцлаа.

-Шүүхийн шинэчлэлээр шүүхүүдийг нэгтгэж,тойргийн шүүх болсон. Харин тойргийн шүүхээ хуучин хэвэнд оруулахаар болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч аймаг, дүүргийн дунд нэг шүүх байх нь үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шийдвэр гарсан байгаа. Аймаг  болгонд давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүх  байгуулахаар хуульд өөрчлөлт орсон. Үүнийг энэ сарын 1-нээс эхлэж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Дорнод аймаг байсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хоёр төрөлжсөн шүүх байсан. Үүнийг татан буулгаж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг бүрт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж байгуулагдаж байгаа.

-Бүтцийн өөрчлөлт орох уу?

-Бүтцийн өөрчлөлт орно. Тухайлбал, Дорнод аймагт байсан 9 шүүгчийн гурван Хэнтий аймаг руу, гурван Сүхбаатар аймаг руу явна. Үүнээс гадна тамгын газарт нь гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа.

-Тэгэхээр шинэ боловсон хүчний шаардлагагүй юм уу?

-Уг нь бол шаардлагатай. Гэхдээ 2016 оны төсөвт батгааж өөрчлөлтийг хий гэсэн чиглэлийг УИХ-аас өгсөн учраас зарим бүтэц орон тоо хэмнэх үүднээс зохион байгуулж байгаа.

-Нийслэлийн дүүргүүдийн  хувьд өөрчлөлт орох уу?

-Дүүрэг бүрт эрүүгийн ба иргэний хэргийн шүүх байгуулагдана. Тухайлбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх гэж байсан. Энэ шүүх дүүрэг дүүргээр хуваагдаж байгаа. Тамгын газрын хувьд  хэвээр байна. Иймээс байр сав болон хүний нөөцийн хувьд хөдөлгөөн орохгүй. Хэвийн явна гэж харж байгаа.

-Орон байрны хувьд өөрчлөлт орохгүй гэж байна. Хуучин байсан байрандаа орох уу?

-Одоо байгаа байрандаа байна. Шинээр байранд орох боломж байхгүй.Нийслэлийн шүүхүүдийн хувьд байр нэлээд хүндрэлтэй байгаа. Иймээс шүүхийн байрны асуудал шийдвэр гардаг хүмүүсийн анхааралд байгаа байх.

-Шүүхийн шинэчлэлд иргэд шүүмжлэлтэй хандаж байна уу. Шинэчлэлийн  хүрээнд ямар ажлууд хийгдсэн вэ?

-Шүүхээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа байнга хийдэг. Шүүхэд хандах иргэдийн итгэл сэргэж байгаа нь судлагаанаас харагдаж байна. Мэдээж шүүмжлэлтэй, сул тал бий.

Нөгөө талаар шүүх нээлттэй болсон, хэргийн төрлөөр дагнасан, шүүгчийн хүний нөөц 25 хувиар шинэчлэгдсэн, бүх шүүхүүд хоорондоо шилэн кабелиар холбогдсон, бүх шүүхийн шийдвэртэй танилцах боломж нээгдсэн. Мөн  шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал бий болгох үүднээс цалинг  эцэслэн  тогтоосон зэрэг шинэтгэлийн үр дүн сайн байгаа.

Шүүхийн төсөв санхүүгийн асуудалд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын зүгээс ихээхэн анхаарал тавьсан шүү. Орон нутгийн хэмжээнд шүүхийн эдийн засгийн байдал харьцангуй гайгүй болсон.

Харин нийслэлд асуудал хүнд байна. Нийслэлийн шүүхүүд маш их ачаалалтай. Гэвч өөрийн  орон байр байхгүй. Шүүх танхим жижигхэн байгаа. Үүнд цаашид анхаарч ажиллана. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

СЕХ-ноос нэр дэвшигчдийг эцсийн байдлаар танилцууллаа

Төрийн ордны Их эзэн Чингисийн танхимд СЕХ хэвлэлийн бага хурал хийж УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг эцсийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, 12 нам, гурван эвслээс 429 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь гардуулахаар болсон байна. Харин бие даагчдын хувьд 74 хүн баримт бичгээ ирүүлснээс 69-ийг нь холбогдох журмын дагуу сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзжээ. Ингэснээр 2016 оны УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд үүний 129 нь эмэгтэй дэвшигчид аж. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг, орон нутагт, 283 нь нийслэлд өрсөлдөх юм байна. Харин улс төрийн намуудын нэр дэвшигчдийн тоо харилцан адилгүй байна. Тодруулбал,  МАН, АН-аад тус бүрдээ 76, МАХН 71, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн эвсэл 44, БНН 36, Иргэний Хөдөлгөөний нам 27, Социал Демократ нам 17, ИЗНН 15, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам ес, Хаан Сонголт эвслээс есөн нэр дэвшигч тус  тус нэр дэвшихээр болоод байна. Ингээд 498 нэр дэвшигчийн нэрсийг жагсаалтаар хүргэж байна.

Л.Мөнхбаясгалан: Оффшорчдын мэдээллийг бүрэн эхээр нь олж авч чадлаа

Цензургүй сурвалжлага багийн ахлагч сэтгүүлч Мөнхбаясгалан Панамын оффшор данстай холбоотой бүх мэдээлэл ирсэн талаар өөрийн цахим хуудастаа бичжээ.  Ингэхдээ энэхүү мэдээллийг зарлаж болох эсэхийг зөвлөх өмгөөлөгчдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаараа онцолсон байна. Тэрээр энэ талаар “Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ-ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа... Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж авч чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач.... Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа... Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой. Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй. Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсэн. Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.... За алив хуульчдаа зөвлөөрэй... аюулгүй байдалд минь туслаарай” хэмээн бичжээ.

Санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байршуулжээ

УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим үнэмлэх олголт зогссон гэх иргэдийн гомдол ирэх болсон байна. Үүнд Бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээлэл хийжээ.  Шилжилт хөдөлгөөн зогсоосонтой холбоотой цахим үнэмлэх олголт саатаагүй, шинээр олголт, сунгалт гээд бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг онцолж байв. Харин заасан хугацаанд шилжилт, хөдөлгөөнөө бүртгүүлээгүй 17 мянган иргэн байна. Эдгээр иргэний хувьд оршин суух хаяг тодорхойгүй, бүртгэлгүй тул сонгууль өгөх ямар ч боломжгүй аж.

Улмаар Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулжээ.  Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байршуулсан байна. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.

1000-3000 бүсгүй зүү ороох хатгамалаар даалин урлаж Геннист бүртгүүлнэ

Зүү ороох хатгамал урлалын гайхамшгийг дэлхийн төвшинд таниулах зорилгоор 1000-3000 бүсгүй өрх гэрийн тэргүүндээ эсхүл хамгийн хайртай хүндээ зориулан хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэхээр бэлдэж байна. Тодруулбал,  Дархан-Уул аймгийнхан уран хатгамалын гайхамшиг сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох үүднээс энэхүү ажлыг эхлүүлжээ. Мөн зүү ороох хатгамлаар хөөрөгний даалин урлаж, оролцох хүсэлтэй хатгамалчдыг бүртгэж эхэлсэн байна.

Шүр эрдэнийн өргөмжлөлт Л.Аззаяа сонгуульд нэр дэвшихээр болжээ

Энэ удаагийн сонгууль сонин содон нэр дэвшигчээр дүүрэн байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр шийджээ. Тэрбээр "Ард түмнээ хайрлая нам"-аас Орхон аймагт нэр дэвших юм байна. Л.Аззаяа нь Чингис хаан трейвэл ХХК-ийн захирал бөгөөд 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөл хүртэж явсан нэгэн юм.

Мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явжээ 

Нийслэлийн Замын цагдаагийн газрын ЖШУХ-д  өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 531 дуудлага ирснээс 366 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын ихэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй аж. Үүнээс сургуулийн өмнөх насны 4 хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн буруутай үйлдлээс болж нас баржээ.  Мөн явган зорчигчийг мөргөснийхөө дараа хэргийн газрыг орхин явсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал: Хайлаастын зам, ЧД-ийн XVI хорооны байрны урд замд T.Mark-2 маркийн авто машины жолоооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуй унаж явсан 34 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явжээ.  

"Монголын нэг өдөр" тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өвгөн ах
Сэтгүүлч минээ гурав нь гэж бичиж чадахгүй байгаа юм биш биз дээ. Даанч дээ.
2016/06/07 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment