Цензургүй сурвалжлага багийн ахлагч сэтгүүлч Мөнхбаясгалан Панамын оффшор данстай холбоотой бүх мэдээлэл ирсэн талаар өөрийн цахим хуудастаа бичжээ. Ингэхдээ энэхүү мэдээллийг зарлаж болох эсэхийг зөвлөх өмгөөлөгчдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаараа онцолсон байна. Тэрээр энэ талаар “Дэлхий хавтгай болсон нь үнэн байна. АНУ-ын Вашигтонд очиж авах байсан Панамын баримтуудыг интернэтээр гэхдээ дэлхийн нөгөө өнцөгөөс бүрэн эхээр нь хүлээн авлаа... Лондон, Вашингтоны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж чадлаа. Хэдийгээр хилээр гарахыг минь хориглож эрүүгийн хэрэг үүсгэсэн ч баримтыг олж авч чадав. Одоо харин надад хуульчдын зөвлөгөө хэрэгтэй байна. Оффшор данстан, оффшор компани байгуулсан, хувьцаа эзэмшиж үнийн дүнгээ нуусан, ашгаа нуусан этгээдүүд бүгд УИХ-д нэр дэвшсэн байна. Эднийг шууд зарлавал Сонгуулийн хууль зөрчсөн болох уу... Тэр хэргээр бас онц хүнд гэмт хэрэгтэнд бид тооцогдох уу... энийг зөвлөж туслаач.... Хүмүүс намайг чимээгүй байж байгаад нэвтрүүлгээ хий гэж зөвлөж байгаа... Би шаардлагатай бол бүх баримтаа шүүхийн өмнө гаргаж өгөхөд бэлэн байна. Бас та бүхэн үнэнийг мэдэх эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэд учраас мэдээллийг цаг тухайд нь авах ёстой. Энэ баримтууд аюултай байдалд хүргэж болзошгүй. Тиймээс иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. Цензургүй багт бүх баримт ирсэн. Олигархууд биднээс арай л дутуу бодож дээ.... За алив хуульчдаа зөвлөөрэй... аюулгүй байдалд минь туслаарай” хэмээн бичжээ.
Л.Мөнхбаясгалан: Оффшорчдын мэдээллийг бүрэн эхээр нь олж авч чадлаа
2016-06-07 17:02:00