8o
Улаанбаатар хот
mobile menu

Н. УРАНЧИМЭГ: Өвлийн хүйтнийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн миний туршлага

2015-11-30 10:44:00

Таныг  найз нараас тань өөрийнхөө насны тоотой тэнцүү арлуудаар аялаад ирсэн гэж сонслоо л доо. Тэгэхээр 40 гаруй арлуудаар аялсан хэрэг үү? сонирхолтой санагдаад байна.  Та  өөрийгөө манай уншигч нарт танилцуулан, явсан газрынхаа сонин сайханг хуваалцана уу.

Насныхаа тоотой дүйцүүлэн аялах нь ч  юу юм бэ. Гэхдээ дан аялал байгаагүй юм, амрангаа гол нь англи хэл сурахаар  7700 гаруй арлуудаас бүрдэх Филиппин рүү  явсан юм. Урьхан цэнхэр хавар гэдэг шиг 4 дэх арав дээрээ л явж байна. Урьд нь ээлжийхээ амралтаар хөдөө гадаа бас ажлын шугамаар хол ойр явнаа явна. Харин өнгөрсөн өвөл бодож байгаад  капитал засвар гэдэг шиг өөртөө цаг зав гарган аялаад, амраад, англи хэл сурахаар явсан маань найз нарттаалагдан ам дамжаад өөрийн тань чихэнд хүрсэн хэрэгболов уу.

Яагаад заавал Филиппин гэж? Таны насны хүний сонголт хийсэн сургууль нь бас сонирхолтой санагдаад байна.

 Миний Филиппин руу явсан энэ явалт маань  2 дахь удаагийнх юм.  Одоогоос 4 жилийн өмнө  нь яг энэ Сэбү арал болон нийслэл Манилад нь ажлын шугмаар очиж байсан юм. Бүх үйлчилгээний газрууд болон дэлгүүрийн худалдагч нар нь бүгд англиар маш цэвэрхэн ярина,  бас их найрсаг харьцаатайг нь анзаараад анли хэл сурахаар ирэхэд боломжийн газар байна гэж тэр үед бодсон хэрэг. Судлаад үзэхнээ Филиппин нь түүхэндээ маш олон удаа колоничлогдон тэрнийхээ улбаагаар гадны соёл, шашин, хэл ус нь хүртэл нутагшсан хэрэг. Филиппин гэхээр хэд хэдэн зүйл төсөөлөгддөг шүүдээ манайханд. Филиппин хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гээд л. Дэлхийд сувилахуйн ухаанаар хамгийн их мэргэжилтэн бэлтгэгддэг улс. 100 гаруй сая хүнтэй Дэлхийд англиар ярьдаг 3 дах том орон. Тэгээд л аялал жуулчлал их хөгжсөн, далайн эргийн үзэсгэлэнт наран шарлагын газаруудтай Филиппины 2дахь том арал болох Сэбүг сонгон  өвлийг өнгөрөөнгөө англи хэлний 3 сарын сургалтанд хамрагдсанюм. Миний хувьд  3  сар гэдэг бол урт боловч хэл сурахад богино хугацаа байсан болохоор шахуу хөтөлбөртэй бас Филиппин улсдаа нэр хүндтэйSMEAG гэдэг сургуулийг сонгосон юм. Өглөөний 06:20-иос оройн 21 цаг хүртэл нэг ёсондоо сэрүүн байх бүх хугацаандаа багш нар болон  бусадтай англиар ярих боломжтой. Энэ тал дээр өөр бусад ямар ч орны англи хэлний сургалттай харьцуулашгүй санагдсан. Хичээл бүрт 1 оюутанд 1 багш оногдон дуудлагыг маань засч залруулан, унших арга техникийг өгөн, сонсгол хөгжүүлэн, бичгийн бүх л хэлбэр  дээр ажиллана.  За тэгээд групп анги гэж байдаг тэр дээр нь  орон орны оюутнууд хоорондоо олон мэдээллийг солилцон ер нь л их зугаатай. Азийн бүхий л орноос оюутан ирдэг ч Япон, Солонгос, Тайванууд их зонхилно. Намайг сурч байхад 620 гаруй багштай гэж байсан. 4оюутны хотхонтой том сургууль.  Богино хугацаанд их ч зүйлийг өгнө. Бямба гараг бүр  заасан заалгасан зүйлээрээ явцын шалгалтыг авна. Анх элсэж буй бүх оюутнаас олон улсын стандартаар IELTS-ийн жишиг шалгалтаар тест аваад түвшинг нь тогтоогоод, яг одоогийн байгаа түвшингээс нь  хичээлээ заагаад явдаг. Би чинь  бараг 20 жилийн өмнө л их сургууль төгсөхдөө шалгалт өгсөнөөс хойш ингэж сургуулийн шалгалт өгч байгаагүй болохоор нэг талаасаа залуу нас руугаа буцаад  очсон ч юм шиг  шалгалтын үр дүн яриад сурах номоо сонгоод их  сонирхолтой сайхан байсан. Энэ тухайгаа  найз нартайгаа байнгын интернэтээр холбогдон ярьсан нь  сайхан санагдсан байж магадгүй. Бидний үеийнхэний  цагийн хуваарь  гэр бүл, үр хүүхэд,  ажил гээд л өрнөдөг  шүү дээ.,

 

Таны бодлоор таны үе буюу 40-өөд насныханд Англи хэлний хэрэгцээ шаардлага хэр их гардаг вэ?

Хүн хүний эрхэлж буй ажил, амьдралын шаардлага гээд янз бүр л байдаг байх. Бид чинь 21-р зуунд амьдарч байна. Мэдээллийн зуун, даяарчлал гээд л яриад байгаа. Цахим ертөнц хэр хурдтай хөгжиж байна гээд. Хэл сурахад нас ч бас чухал биш юм. Арав, хорь, гуч, дөч, тавь гээд.  Заавал залуучууд их дээд сургуульд орохын тулд тэтгэлэг авахын тулд  англи хэлийг сурах ёстой ч гэдэг юм уу,  сурахаар зорьж байгаа гэж бодож болохгүй. Энэ бол бидний хэрэглээний нэг хэсэг болчихсон. Мэдээж англи хэл тодорхой хэмжээнд сурчихвал боломжууд  нээгдээд байна гэдэгт би итгэдэг. Бас хүүхдүүддээ туслан  дэмжиж, тэдний ертөнц, цаг үеийг мэдрэхийг хүсч байна. Тиймдээ ч гуравхан сар ч гэсэн цаг гарган  англи хэл сурахад зориулсан хэрэг. Амьдралаа ямар өнгөөр харахыг хүсч байгаагаас л шалтгаалах байх.  Англи хэлгүйгээр мэдээж бид амьдраад л байна. Гэхдээ өөрийгөө болон үр хүүхдээ  олон боломж, мэдээллийн гадна үлдээнэ шүү дээ.

Монголоос хэр их оуютнууд очиж суралцдаг вэ, өвөл хаянд ирж байгаа одоо үед очиж суралцах боломжтой болов уу?

Одоогоор хэр их монголчууд тэнд сурч байгааг хэлж мэдэхгүй байна.  Харин Нова Боловсролын Төв SMEAG сургуулийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг тул тэндээс асуувал тодорхой  мэдээлэл авах боломжтой. Намайг сурч байхад  3 хотхонд нийтдээ 10 гаруй оюутан байсан. Бид ямар өөр хоорондоо уулзаад яриад байх биш.  Голдуу сургуулиа төгссөн, тэтгэлэгт хамрагдахаар IELTS, TOEFL-д бэлдэх зорилго тодорхой сайхан залуучууд байсан санагдана. Миний хувьд  шалгалтын оноо энэ тэр бодохгүй ярих чадвараа л голлоод ESL-ийн оюутан  болохоор зорилго өөр байсан. 1 оюутан 1 багш хөтөлбөр түлхүү болохоор элсэлтийг байнга хийдэг. Энд өвөл болж, хүйтэн тачигнаж байхад  тэнд халуун орны уур амьсгал мэдрээд  харин ч сонирхолтой юм билээ.  Өвөл бол Японы ажиллагсад ээлжийн амралтаа аваад л 1, 2 долоо хоногоор ирж их сурдаг юм билээ. Тэд манайхан шиг ээлжийн урт амралтгүй болохоор богинохон амралтаараа хэлээ сайжруулангаа, далайн эргээр нь амарч аваад их үр бүтээлтэй гэж үзэхийн билээ. Дотооддоо амарсанаас нь ч хямд тусдаг байх.  Зун бол япон солонгосын их дээд сургуулийн оюутнууд амралтаараа ирж  сурдаг. Ачаалал нь хамгийн их үе. Ихэвчлэн 3-дагч орон руу  суралцахаар явахын өмнө энд ирж, хэлний бэрхшээлээ арилгах, ажилд орох англи хэлний шалгалтанд бэлдэх гээд жилийн дөрвөн улирал завгүй  ертөнц шиг л санагдсан.

 

Суралцаад эх орондоо ирсэний дараагаар танд хэр их өөрчлөлт гарав?

 Би амьдралаа өөр өнцгөөс харж чадсан гэж бодож байгаа. Олон зүйлийг хэлж болно. Мэдээж хэл сурах гэдэг бол богино хугацаанд амжуулдаг зүйл биш.  Орчинд нь мэргэжлийн багшаар тодорхой арга барилд орон тодорхой хугацааг зарцуулсан болохоор хүний ярьж байгааг ойлгоно, өөрийгөө бас ойлгуулж чаддаг болноо гэдэг бол амжилт. Түрүүнд би хэлсэн хүн бүрт өөр өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилго байдаг гэж. Хамгийн гол нь би  40 хүрсэн ч гэсэн англи хэл сурах оролдлогыг хийснээрээ амьдралдаа шинэ хуудас нээсэн. Би тэнд хэл сурахаас гадна залуучуудаас эрч хүч мэдэрч, өөрийн хүүхдүүдийн нас чацуутангууд ертөнцийн нөгөө бөөрөнд хэрхэн бужигналдаж буйг, юунд зорьж,  бас юунд шаналж буйг харсан. Энэ нь хүүхдүүддээ хандах миний хандлагыг өөрчилсөн. Би хоосон үглэж, дүрэмдэхээ больж, тэдэнд жаахан ч гэсэн бодитой туслахад ойртсон гэсэн үг.    Мөн өөрийн үе тэнгийн хэсэг япон солонгосчуудтай танилцсан. Ихэнх нь тохиолдлоор тогооч  бас IT-ийн мэргэжилтэнгүүд  байсан.   Шинэ Зеландад өөрийн япон хоолны газраа нээх гэж буй япон, тодорхой хэлээгүй боловч боломжоо нэмэгдүүлэх гэсэн солонгос  тогооч нартай ярьж байхад надад ч бас бодол төрж л байсан.  Боломж маань нэмэгдсээн.

Таны үеийн олон хүмүүс бидний яриаг унших байх. Та тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

Хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан. Хэрэв бид өөрийн бүтээж буй амьдралдаа жаахан ч гэсэн  өнгө гялбаа нэмэхийг хүсвэл  нас хэд ч байсан хамаагүй өөрийнхөө хийе гэж байгаа зүйлээ шуудхан барьж  авсан нь дээр. Мэдээж болох болохгүй зүйл гарах л байх зорилго байвал шийдлийг бид  ямар нэг байдлаар олж  л  таараа. Таны үе гэж та онцолсон болохоор нэг зүйлийг  хэлэхэд 40-өөд нас бол их хариуцлагатай нас шиг санагддаг. Бид залуучууд болон ахмад үеийг холбодог чухал гүүр бас өөрийн үр хүүхдийн амьдралын хамгийн том шийдлүүдэд зөвөлгөө өгдөг үе. Тиймээс бид өөрсдөө  энэ үе дээрээ  дахин суралцаж, өөрсдийгөө дахин шинээр олж авах нас гэж бодож байна.Миний суралцсан сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай нь холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 8989-0089 болон 7012-8080 утсаар лавлах боломжтой.

Өөрийн амьдралын зурвасхан ч гэсэн гэгээлэг туршлагаасаа хуваалцсан танд баярлалаа. Таны зорьж буй зүйлд тань амжилт хүсье!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment