Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний Зориг Ногоон Намын /ИЗНН/ нэхэмжлэлтэй Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч ИЗНН-аас СЕХ-ны энэ сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, тус намыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг энэ сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар мөн хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СЕХ-ны энэ сарын 2-ны өдрийн 48 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, ИЗНН-ыг 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-д даалгаж шийдвэрлэсэн байна.
ИЗНН-ыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргалаа
2016-05-30 14:26:00