Өнгөрсөн тав дахь өдөр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид хурал зарласан. Тус хурлын үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө бензинээр шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногийн хамгийн аймшигт үйл явдал болж өнгөрлөө.
Өөрийгөө шатаасан С.Эрдэнэ хэлэхдээ "Засгийн газраас манай компанийг дэмжихгүй, ямагт дарж байна. Ажилчдын ар гэр өлсгөлөнд автлаа. Тиймээс би үр хүүхдийнхээ болон Монголын ард түмний өмнө өөрийгөө шатаалаа" хэмээн С.Эрдэнэ хэлж, гадуур хувцсан дээрээ шатахуун асгаж, өөрийгөө шатаан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү хэрэг гарсаны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох албан тушаалтануудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн.
Ч.Сайханбилэг хэлэхдээ “С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм.
“Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр болсон.
С. Эрдэнийн биеийн байдал муу 30-40 хувийн амьсгалын замын түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.
Өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тус компанийн монгол ажилчдыг “TTJVCo’’ компани руу шилжүүлэх гэрээ хийгдснээс болсон хэмээн өөрөө тайлбарлаж байгаа бөгөөд С.Эрдэнийн амьсгалын зам хүнд түлэгдэлтэй учир амь насанд нь халтай байж болзошгүй байгаа аж.