УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна” гэсэн юм. Үүнд эгдүүцсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Онигоотой зүйл их болж байна. Батбаяр аа эхлээд чиний нэрийг бонд эсвэл өр, өглөг гэж өөрчилж болох уу. Ингэж завхруулж болохгүй. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэдэг монголчуудын хэлж ирсэн үгнүүдийг өөрчлөх болох нь. Нэр томъёондоо бус энэ өрийг бид эргүүлээд төлнө. Хүнээс зээлж авсан юм чинь бид эргүүлээд төлж л таарна. Тоо хэмжээнд нь анхаарч, монголын эдийн засагт үзүүлж байгаа дарамтыг засах ёстой болохоос бус өрийг өглөг гээд биччихээр бүгд засагдахгүй шүү дээ. Тиймээс эдийн засгийн асуудлуудыг агуулгаар нь засч янзлах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн завхарлыг бид засах хэрэгтэй юм. Эдийн засгийн суурь үзүүлэлт муудсан. Үүнийг засах ёстой. Өрийг өглөг гэдгээр солино гэж байгаа нь улс орноор даажигнаад байгаа юм уу.Эдийн засагч мэргэжилтэй хүмүүсээр даажигнаад байна уу. Үнэхээр ойлгохгүй байна. Тэнэглэлд хязгаар бий. Тэнэглэл чинь байж болох бүх хязгаарын цаана гараад явчихлаа. Ийм маягаар улс орны эдийн засаг бодлогод хандахаа болих хэрэгтэй. Н.Батбаяр аа чиний тарьсан гай улс орныг дуусгаж байна. Эдийн засаг онол, зарчимтай. Тэрүүгээрээ дагаж хөгжиж явдаг болохоос хэдэн нэр томъёо өөрчилснөөр өрнөөс гарахгүй. Хамгийн эхлээд төсвийн алдагдлаа бүгдээрээ янзалъя л даа. Сүүлийн хоёр сарын дотор 750 сая ам.долларын зээл авчихлаа шүү дээ. Үүн дээр бодлогоо зөв болгож явах ёстой юм. Батбаяр минь чи өөрөө нэрээ бондоор сольж ав” гэлээ.
Н.Батбаяр гишүүн Өр гэдэг үгийг өглөг гэж солих санал дэвшүүлэв
2016-05-19 17:54:00