8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол залуугийн төлөө 49 эрдэмтэд мэдэгдэл гаргаж, цагдаагийн хошууч эмэгтэй аавынхаа хамт амь үрэгдсэн өдөр

2015-11-27 18:27:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног ийнхүү дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. Өнөөдрийн УИХ-ын чуулган дээр АН, МАН-ынхан Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолыг хэлэлцэхдээ түүнийг цагаатгана, цагаатгахгүй хэмээн нэлээд ширүүхэн маргалдав. Харин хэвлэлээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ард түмэндээ хандаж хэлсэн үгэнд анализ хийсэн нийтлэлүүд дурайна. Эх орны минь улс төр, нийгмийн салбар дуулгах сонин ихтэй байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөх тогтоолыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд түүнийг цагаатгана, цагаатгахгүй хэмээн нэлээд ширүүхэн маргалдаад авлаа. Мэдээж, сайн мэдээлэл байна.Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Чежүгийн Гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 63кг-д зодоглосон Ц.Цэрэннадмид хүрэл медаль хүртлээ. Сайны хажуугаар саар гэгчээр дуулгахгүй өнгөрч боломгүй харамсалтай мэдээллүүд ч бас байна. Ингээд “Монголын нэг өдөр” булангаараа өнөөдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Ю.Цэдэнбал агсныг цагаатгах ёстой, цагаатгах ёсгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтжээ. Энэ нь зарим нэг гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан муу ч юм байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. 

Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төр нийгмийг удирдах хугацаанд магтах юм явж байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог гэлээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжин, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Талийгаачийн хэргийг нухацтай шалгах талаар 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл гаргав

Ирвэс хамгаалах сангийнхан өнөөдөр хэвлэлийн бага хуралд зарлаж,  Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэв. Өмнө нь талийгаач Л гурван ч удаа халдлагад өртөж байсан бөгөөд тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэргийг нь хааж байжээ. Тэгвэл ирвэс хамгаалагч талийгаач Лхагвасүмбэрэлийн хэрэг олон улсын байгаль хамгаалагчдын анхааралд өртөж эхэлжээ. Түүний хэргийг бүрэн, ил тод илрүүлэхийг уриалсан веб сайт нээгджээ.  Мөн Лхагвасүмбэрэлийн хэргийг маш нухацтай шалгахыг уриалж олон улсын 37 их сургууль, байгууллагын 49 эрдэмтэд хамтран мэдэгдэл гаргасан байна.

Цагдаагийн хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөсөн хэрэг гарлаа

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүнд халдаж хоёрынх нь амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Хэрэг шөнийн 02:00 цагийн үед гарсан бөгөөд одоог хүртэл гэмт этгээдийг олоогүй, эрэн сурвалжилсаар байна.  Албаны эх сурвалжийн хэлж буйгаар уг хэрэг нь ахуйн маргаанаас үүдэлтэй бөгөөд нас барсан хоёр хүний нэг нь цагдаагийн албан хаагч байжээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн ахлах хэрэг бүртгэгч хошууч Ц-г аавтай нь хамт хөнөөжээ. Харин ээж болон ахыг нь нэлээн хүнд гэмтээсэн байна.

 

Талийгаачийн хяналтын картыг Нэгдүгээр төрөхийнхөн нууцаар авчээ

 Нийслэлийн нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газарт амаржихаар очсон эх, хүүхэдтэйгээ хамт эндсэн хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэргийг эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон хэмээгээд хууль хяналтын байгууллагад хандаад байгаа бол “Өргөө” амаржих газрынхан болон НЭМГ-ынхан талийгаачийн задлан шинжилгээний хариу гартал ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд эл хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Харин өчигдөр ар гэрийнхэн нь охиныхоо жирэмсэний картыг нь Өрхийн эмнэлгээс нь авахаар очтол “Байхгүй, нэгдүгээр төрөхөөс хүн ирээд аваад явчихсан” гэж хэлжээ.

 

Хамгийн сайхан мэдээ:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мэндэлсэн гурван ихэр ах дүүс өчигдөр буюу билгийн тооллын 16-ны өдөр хуримаа хийжээ. Ихрүүд 29 настай бөгөөд Баруун-Урт хотын “Кристалл” хуримын ордонд гэрлэх ёслолоо үйлдсэн байна. Тэднийг Ц.Өлзиймөнх, Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар гэдэг бөгөөд зургаан хүүхэдтэй айлын отгон хүүхдүүд аж. Ихрүүд дээрээ гурван эгчтэй бөгөөд нөгөө хоёр нь Ц.Өлзийжаргалыгаа “ахаа” хэмээн хүндэлж дууддаг гэнэ.

Танд дуулгахад:

  • Загварын ертөнцийн “Солонго” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн, 120 гаруй улсад салбартай United Colors of Benetton брэнд  дөрөв дэхь салбараа Хүннү молл-д  нээлээ. Black Friday-г тохиолдуулан энэ баасан, бямба, ням гаригт 2015 оны өвлийн шинэ загварын насанд хүрэгчдийн болон хүүхдийн бүх хувцсаа 30% хямдруулж эхэллээ. 

Өнөөдрийн үйл явдлыг товчхоноор...

  • Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийслэлийн агаарын бохирдлын эсрэг Чингисийн талбайд өнөөдөр тайван жагсаал хийлээ. 
  • Хүндийг өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д Монголын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр наймдугаар байрт оров.
  • Монголын бахархалын өдрийн барилдааныг үзэгчдийн суудлаас үзсэн Ч.Санжаадамба заан Улс тунхагласны ойн барилдаанд зодоглож гурав дахиа түрүүллээ.
  • 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломжтой Амгалан цахилгаан станц ашиглалтад орж нээлтээ хийлээ.
  • Улсын филармонийн симфони найрал хөгжим В.А.Моцартын сонгодог бүтээлүүдийн дээжээс тоглох гэж байна.
  • Засгийн газраас ирэх оны авто зам, гүүрийн барилга, засвар арчлалтын хөрөнгийг найман тэрбум төгрөг байхаар баталсныг эсэргүүцэж буйгаа Монголын автозамын ҮЭХ болон авто замын компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийхдээ мэдэгдлээ.
  • Малайзын Холбооны шүүхээс хар тамхи хадгалсан хэрэгт холбогдож 2013 оны нэгдүгээр сараас хойш хоёр жил гаруй хугацаанд саатуулагдан шалгагдсан Монгол Улсын иргэн Н.З-г гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор өчигдөр /11.26/ шийдвэрлэсэн байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tsedenbaliin ued ard tumen jargaj baisan
2016/01/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment