Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээлэл дунд манай улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн юм. Эдгээр хүмүүсийн дунд олны танил бинесмэн, улс төрч гээд олон анхаарал татсан хүмүүс байсан. Түүний нэг нь Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор данстай байсан нь олны анхаарлыг татаж багагүй маргаан үүсгээд байгаа. "Нийслэл хот Дэнзэнтэй болжээ" гэсэн ёгтлол өнгөрсөн жилээс цахим сүлжээгээр тарж эхэлсэн. Аав нь татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нууж байна хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин энэ талаар Хотын дарга мэдээлэл өглөө.
Хүүгийнх нь оффшор дахь дансных нь талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс Ерөнхий сайдын даалгавраар“Сайдын цаг” уулзалтад оролцох үеэр нь тодруулахад “Энэ талаарх мэдээллийг уржигдар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Тэр үед л хүүгээ оффшор бүсэд данстай компанитай байсныг олж мэдлээ. Мэдсэн даруйдаа хүү Б.Чулуудайтай утсаар ярьсан. Хүү маань “Хөрөнгө оруулалт хийхийн тулд 2011 онд оффшор компани байгуулсан. Гэхдээ ямар нэгэн гүйлгээ хийгээгүй” гэж надад тайлбарласан. Хүү маань гурван хүүхэдтэй, бие даасан хүн бас бизнесмен. Би ажилд нь тэр бүр ороод байхыг хүсдэггүй. Би хүүдээ “Бүх зүйлийг хуулийн дагуу хийж байгаарай” л гэж захиж хэлсэн. Ийм л юм болсон” гэлээ.