8o
Улаанбаатар хот
mobile menu

УЦУОШХ-ийн Цаг уурч Ч.Сарантуяа: Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүйг анхааруулж байна

2015-11-27 09:00:00

Энэ жилийн өвлийг урд хойшид болж байгаагүй хүйтэн өвөл болно. Бичин жилийн зуд болно гэх зэргээр хүмүүс ам дамжин ярих болсон билээ. Иймээс Ус, Цаг, Уур, Орчины Хүрээлэнгийн Цаг уурч Ч.Сарантуяагаас  энэ жилийн өвлийн төлөв байдлын талаар тодрууллаа. 

- Энэ жилийн өвлийг их хүндхэн болно гэж иргэд ярьцгааж байна.  Жилийн урьдчилсан төлөв гарсан уу?

- Өвлийн саруудын урьдчилсан төлөв гараагүй байна. Энэ оны сүүлч буруу арванхоёрдугаар сарын сүүл, 2016 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал гарсан. Үүнээс харахад арванхоёрдугаар сарын ерөнхий төлөв нь нутгийн хойд хэсгээр олон дунджаас бага зэргийн хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр дундаж орчим байна.

- Яг өнөөдрийн байдлаар нутгийн аль хэсгээр цасан бүрхүүл тогтоод байна вэ? 

- Арваннэгэндүгээр сарын дундуур ихэнх нутгаар цас орсон учраас нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна.  Цас ихэнх нутгаар хэвийн хэмжээний буюу олон жилийн дундаж байгаа. Гэхдээ Хөвсгөл аймгийн зүүн хэсэг Баян-Өлгий, Архангай, Булганы нутаг, Сэлэнгийн баруун тал, Өмнөнговь, Дорноговийн өмнө нутаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар дундажаасаа их цас орох төлөвтэй байна. Харин Говь-Алтайн нутаг болон Ховдын зүүн хойд, Баянхонгорын зарим нутгаар багавтар цастай байна.

- Ес эхлэх болоогүй байна. Цаашид хүйтний эрч чангарах уу?

- Энэ сарын сүүл арванхоёрдугаар сарын эхээр цаг агаар тогтворгүй байна. Нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна. Цаашид эхний арван хоногийнхоо дунд үеэс хүйтний эрч бага зэрэг суларч сарын дунд үе, сүүлээр буцаад чангарна. Томоохон голын хөндий нутаг Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгор гэсэн нутгаар шөнөдөө 38-43 градус, дунд голууд Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр 33-38 градус  бусад нутгаар 27-30 градус хүртэл хүйтэрнэ. Сарынхаа бусад хугацаанд дээрх градусаас 3-4 градусаар сулавтар байна.

- Цасны зузаан нэмэгдэж өвөлжилтөнд хүндрэл учруулах төлөв байгаа юм байна. Одоо хэдэн см зузаан цасан бүрхүүл тогтоод байна вэ?

- Баруун аймгийн хойд хэсэг Увс, Завханы нутаг, Төвийн бүс нутгийнхаа урд хэсгээр Архангайн нутаг Хөвсгөлийн өмнөд хэсэг, Булганы урд хэсэг, Төв аймгийн баруун тал, Хэнтийн аймгийн өмнөд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар, Дундговь, Дорнод аймгийн хойд талаар цастай, цас их нягтаршилтай байна.  Зарим сумдаар 20-25см зузаан цастай байна. Тиймээс энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй. Малын бэлчээр цасанд дарагдсан байгаа. Иймд ард иргэд малчдыг малынхаа өвс тэжээл, өвөлжилтөнд шаардлагатай зүйлсээсээ хотондоо ойртуулах, отор нүүдэлээ зохицуулах хэрэгтэй гэдгийг УЦУОШ-ны хүрээлэнгээс анхааруулж байна.

                                                                                                                                                                             Д.Дорждэрэм

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment