"Төрийн мэдээлэл" эмхтгэлд болон цахим мэдээллийн сүлжээнд Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргах төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан байршуулах ёстой. Тэгвэл энэ удаад 220 албан тушаалтны мэдүүлэг олон нийтэд тодорхой болсон байна. Гишүүдийн өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлгээр тэргүүн баянаар Б.Наранхүү тодорч 21 тэрбум 195 сая төгрөгний хадгаламжаараа толгой цохьсон бол “Архи”-ны гэж хэлж болох тодотголтой Г.Батхүү 5 тэрбум 785 сая-аар удаалсан нь хар мөртэй архи эзнийхээ халаасанд хичнээн төгрөгийг урсгаж оруулсан нь тодорхой байна. Улсаа хөгжүүлж байна гээд архи, тамхинд хөрөнгө оруулалт хангалттай хаядаг жишиг манайд бий. Харин үүний хар мөр эргээд эгэл жирийн иргэдийн хар толгойн дээр буудаг гэмтэй. Ямартай ч энэ удаагийн жагсаалтаас харахад төр лүү шургасан бизнесмэн баяжих амарханыг тус жагсаалтаар харуулж байна. Тэгвэл жагсаалтын удаах хөрөнгөтнөөр С.Бямбацогт 4 тэрбум 64 сая төгрөгний орлоготойгоор эрэмбэлэгдсэн байна. Энэхүү жагсаалтанд эмэгтэй гишүүд ч дутахгүй уралдаж явна. Хамгийн олон газар эзэмшдэг гишүүнээр Л.Эрдэнэчимэг тодорсон бол үнэтэй барилга байгууламжынхаа тоогоор Д.Оюунхорол бусдаасаа ялгарч ордын харшний эзэгтэй гэдгээ харуулаад амжлаа. Харин хамгийн их өртэй гишүүдийг Д.Зоригт 4 тэрбум 250 сая төгрөгний зээлтэйгээр тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2 тэрбум 700 саяын өртэйгээр удаалж байна. Ийнхүү иргэдийнхээ төлөөх гэсэн тодотголтой гишүүд маань халаасалсан хөрөнгө, түрүүвчнийхээ зузаанаар аль хэдийнээ уралдаад эхэлжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу