Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.26 /үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 06 тоот тогтоолоор байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд, гишүүдээр УИХ-ын гишүүн А.Бакей, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр, С.Оюун, Д.Тэрбишдагва нар ажилласан байна.
Энэ хугацаанд Байнгын хороо Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран тогтоолын төслийн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаач, багш нар, мэргэжлийн холбоод, ТББ-ын төлөөлөл, иргэд оролцож саналаа өгчээ.
Улсын Их Хурлаас 2003 онд баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх бодлогыг гаргах шаардлагатай болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ.
Мөн тэрээр, Монгол Улс 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тонн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаггүй байсан бол 2014 оны түвшинд салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д ХАА-н салбарын ДНБ-ий эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сай толгой малтай, эрчимжсэн аж ахуй сэргэн, хөгжих эхлэл тавигдаж мах, сүүний чиглэлийн 50 орчим мянган толгой үхэртэй болж, жилд 518 мянган тонн үр тариа, 270 гаруй мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тонн ноолуур, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангасан үр дүн үзүүлсэн байна. Гэвч олон улстай харьцуулахад хөдөө аж ахуйн салбар нь нэгжийн гарц, боловсруулалтын түвшин доогуур эдийн засгийн үр ашиг багатай байсаар байна. Хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалтын түвшин түүхэнд хамгийн өндөр байсан 1980-аад оны байдалтай өнөөгийн байдлыг харьцуулахад бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч боловсруулалтын түвшин, бүтээмж бага байна.
Иймд дараагийн 10 жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжлийн гуравдугаар үе шатанд гаргах зорилтыг салбарын бодлогод дэвшүүлж байгаа гэлээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор сууршсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах зорилтыг тусгажээ.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжихээр төлөвлөсөн байна.
Бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзжээ. Мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид асуулт асууж хариулт авав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.