Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...
хэмээн Д.Пүрэвдорж найрагчийнхаа шүлгийг уралдан уншдаг байсан цаг саяхан. Гэвч монголчууд түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн энэ өдрийг мартанаж байна. Мэдээж тэмдэглэж ирсэн он жилүүдэд өнөөдрийг Тусгаар тогнолын өдөр гэдэг байлаа. Гэвч түүх үнэнийн гэрч гэдэг. Уг нь Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан түүхтэй.
Харин 1924 оны 11-р сарын 26 бол Бүгд найрамдах улсаа байгуулсан өдөр. Хаант улсын төгсгөл ирж, Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр юм.
Үүнийг түүхэнд “1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарлан төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн тунхаглажээ. Ингээд монголчуудын хувьд түүхэнд тэмдэглэх тэр өдрөөс хойш яг 91 жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сар 26-ны өдөр ямар үйл явдал болсоныг товчхон хүргэе.
Юуны түрүүнд танд...
- Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойн өдөр. Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэдэг дээ. Бүгдээрээ, бултаараа, цөмөөрөө төөрсөн сармагчин болох уу. ... Өнөөдрийг үл мартаж болно.
-
Манай улс гадаад бодлогодоо “Байнга төвийг сахих” бодлого баримтлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан энэ бодлого маань цаашид сайн, муу ямар үр дагавар бий болгох, ирээдүйд учирч болох бэрхшээлийг олж харах талаар дэлхий, бүс нутаг, хөрш орнууд болон өөрийн орны одоогийн гадаад, дотоод нөхцөл байдал дээр суурилсан судалгаа, дүгнэлтийг олон эрдэмтэн, судлаачид хийж, идэвхитэй оролцож байгаагийн үр дүнд ард түмэн энэ талаар нилээд эерэг ойлголт авч байх шиг байна. Төвийг сахихад тээглэх асуудал анализ нийтлэл
-
Турк, Оросын маргаан дэлхийн нийтийн анхааралд байсаар байна. Оросын талынхан Туркийг хилийг зөрчөөгүй хэмээн агаарын замаа дэлгээд байгаа бол Туркчууд ч мөн адил хил зөрчсөн гэдгийг зургаар гаргаад байгаа юм. Тэгвэл энэ маргаан үргэлжилсээр байна. Туркийн тал өчигдөр өөрийн зүгээс Оросын бөмбөгдөгч онгоцонд илгээсэн гэх анхааруулгын хоолойн бичлэгийг интернэтээр тараажээ. Энэ тухай Туркийн агаарын нисэх хүчин радиогоор өгсөн анхааруулгыг олон нийтэд цацлаа зэрэг нийтлэлүүдийг санал болгож байна.
Өнөөдрийн онцлох үйл явдал:
Энэ өдөрт МАХН хүндэтгэл үзүүллээ
Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж байсан энэ өдөр. МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар энэ өдрийг дурсан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү болон МАХН-ын Нарийн бичгийн дарга нар оролцлоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр “1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол хаант улсыг халж, Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан өдөр. Бидний хэлж заншсанаар Улс тунхагласны баярын өдөр. Баяр талаас нь харах нэг хэрэг. Бидний туулж ирсэн түүх, уламжлагдаж ирсэн монгол хүний оюун санааны дархлаа талаасаа энэ өдөр маш чухал. Чухал учраас бид энэ түүхэн өдрийг, бахархлын баярыг монголчууддаа сануулж, сэтгэлд нь эрх чөлөө, тусгаар тогтнолын галыг нь бадрааж байх үүднээс жил бүр уламжлалаа хадгалж тэмдэглэсээр ирсэн”-ийг онцоллоо.
БНХАУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авахаар боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 84 хувь дэмжсэнээр баталлаа. Засгийн газар уг зээлийн 703.5 сая ам.долларыг Эгийн гол усан цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхэд, 102.5 сая ам.долларыг Улаанбаатар- Мандалговь цахилгаан станцын агаарын шугам барихад, 40 сая ам.долларыг Эрдэнэт станцын дулааны шинэчлэлд, 40.8 сая ам.долларыг Гацуурт уулзварын авто замын өргөтгөлд, 66.2 сая ам.долларыг мах боловсруулах үйлдвэр байгуулахад, 20 сая ам.долларыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус бүр зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уг тогтоолд хориг тавьсан талаар УИХ-ын дарга З.Энхболдод илгээсэн албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-д “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ. Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэсэн байна.
Онцлох спорт:
- БНСУ-ын Чэжү хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн гранпри тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Отгонцэцэг түрүүллээ. Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй тэрбээр Турк, Итали, Румын, Бразилын жүдочдыг ялж, финалд шалгараад байсан. Г.Отгонцэцэг аваргын төлөө Унгарын жүдоч олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Эва Черновицкийг юко үнэлгээгээр яллаа. Тэрбээр ийнхүү Казахстаны шигшээ багийн өмнөөс барилдсан цагаас хойш анх удаагаа төрийн дуулалыг нь ийнхүү эгшиглүүлж олимпийн эрхийн чансаагаа 300 оноогоор ахиуллаа.
- Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөх, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ким Вон-Жинтэй барилдаж, торгуулиар хожигдлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 31 жүдоч барилдсанаас Г.Болдбаатар “С” хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрбээр Япон, БНСУ, Бразил, Азарбайжаны жүдочдыг ялж, финалд шалгараад байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Болдбаатар БНСУ-ын жүдоч Вон Жин Кимд торгуулиар хожигдлоо.
Чимэгтэй мэдээлэл:
- Ирэх сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.
- “Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо. УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Мөн Монгол Улсын төр ойрын үед Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын баримт бичгийг зайлшгүй УИХ-аар хэлэлцэх шаардлагатай. Учир нь, өнөөдрийг хүртэл энэ бодлого байхгүй байсан. Одоо Хөдөлмөрийн яам дээр боловсруулагдаад бэлэн болсон. Мөн Ажиллах хүчний тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцээд бэлэн болгосон байгаа. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн яаман дээр таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна гэлээ. Мөн гурван талт гэрээ хэлэлцээрийн үр дүнд цалин нэмэх асуудлыг 2016 оны төсвийн тодотголд суулгахаар болж, үүнд 90 тэрбум төгрөг тусгуулсанаа сайд онцоллоо.
- Америк маягийн Хар Баасан гариг хэмээх супер хямдрал нь Монгол Улсад анх удаа жинхэнэ утгаараа 2015/11/26-аас 27-ыг шилжих шөнө одоо хэдхэн цагийн дараа Номин Юнайтед их дэлгүүрт болох гэж байна. Энэ шөнө электрон бараа, гэр ахуйн бараа, гоо сайхан, бугуйн цаг, хувцас, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, америк хүнс, герман обойны олон олон онцгой бараанууд супер хямдралд өртлөө.
Дуулиант хэрэг:
- Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд нэгэн бүсгүй хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл амаржих газарт эх, хүүхэд эндсэн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас ажлын хэсэг гарчээ. Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ асуудлаар мэдээлэл аваад ажлын хэсэг томилсон байна.
- Тэгвэл дахин хүн эмч нарын буруугаас болж амиа алдсан байж магадгүй хэрэг гарлаа. Уржигдар буюу энэ сарын 24-нд энэ хэрэг гарчээ. Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт Аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтын 3 дугаар хэлтсийн ажилтан П.Б гэгч бие нь өвдсөн тул харьяаллын дагуух эмнэлэгтээ ханджээ. Цэрэг, цагдаагийн ажилтнууд Цэргийн госпиталд эмчлүүлдэг. Гэтэл тухайн өдөр П.Б гэгч тус эмнэлэгт үзүүлэхээр очтол Батлан хамгаалах хууль сахиулахын эмч Өнөржаргал нь өнөөдөр үзэж амжихгүй нь маргааш ир гээд явуулсан аж. Харамсалтай Д.Б гэртээ очсоныхоо дараа өөд болсон байна.
Үйл явдлын товчхон
- Дэлхийн таван тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг арванхоёрдугаар сарын 12-27-ны амралтын өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.
- Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод айлчлаад ирлээ.
- Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа иргэд шинээр барьсан авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжийг эсэргүүцэн жагсахаар болжээ.
- Ашиглалтын шаардлага хангахаа байсан Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн барилгыг өнгөрөгч зургадугаар сард буулгаж шинээр 200 хүүхдийн орон тоотой цэцэрлэг барилаа.
- Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагч Н.Тавинбэх маргааш тангараг өргөж, ажлаа хүлээж авна