8o
Улаанбаатар хот
mobile menu

“Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадмыг МУГЖ Ц.Төвшинтөгс шүүнэ

2015-11-26 15:49:00

Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдэг орон нутгийн залуучуудын байгууллага Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо “Авьяаслаг Хэнтийчүүд-2014” урлагийн анхдугаар наадмыг 2014 оны арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулсан билээ.  Тэгвэл энэ жил тус наадмыг хоёр дахь жилдээ арваннэгдүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү наадмыг Хэнтий аймгийн залуучуудын нийгмийн харилцаанд оролцох идэвхи оролцоог урлагаар дамжуулан нэмэгдүүлэх, төрөн гарсан шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдээ олонд таниулах, залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготойтойгоор төсөл хэлбэрээр зохион байгуулах юм байна.

“Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам нь эстрад дуу (гоцлол), нийтийн дуу (гоцлол), гоцлол бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, содон авьяас, Хэнтийн мисс зэрэг долоон төрлөөр зохион байгуулагдана. Төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэх юм. Энэхүү урлагийн их наадмыг дэмжин “Цагаан шонхор” холдингийн захирал Ч.Энхтайван, Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 10 сая төгрөгөөр ивээн тэтгэхээр болсон байна.

 Одоогоор урлагийн наадамд оролцохоор 18 сум, гурван тосгоны 200 гаруй залуус оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Наадмыг Хэнтий аймгаас төрөн гарсан урлагийн алдартнууд шүүх бөгөөд ерөнхий шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин  Ц.Төвшинтөгс ажиллана. Урлагийн их наадмын нэгдүгээр шат Монголын хүүхдийн ордонд 27-ны 09.00 цагаас эхлэх бол хоёрдугаар шат 29-нд 18.00 цагаас болно. Мөн “Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам Хэнтий аймгийн “Өндөрхаан”, “Эх орон” телевизээр арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд цуврал нэвтрүүлэг болон гарах юм. Уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн бүх оролцогчид ирэх оны хоёрдугаар сар дуустал Хэнтий аймгийнхаа бүх сумдаар аялан тоглолт хийх эрхтэй болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment