Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг сумын нутагт хөвчөөс хүрэн баавгай бууж иржээ. Тус аймгийн Байгаль орчны газар энэ тухай иргэдэд анхааруулж, баавгай таарвал хэрхэх тухай, баавгайг гэртээ хэрхэн ойртуулахгүй байх тухай зөвлөмж өглөө. Өдийд хүрэн баавгай өлсөж, идэш хайн, суурин газарт ойртож буй аж. Тиймээс мал хариулж яваа малчид баавгай дайжуулагч эсвэл дуут дохио биедээ авч явах шаардлагатай юм байна. Хэрвээ нохой дагуулж явах бол богино уяагаар хөтөлнө. Баавгай таарвал нохойгоо тавихгүй байх хэрэгтэй. Баавгай, сул нохой 2 бие бие рүүгээ дайрвал салгах гэж оролдож болохгүй. Баавгай мал барьсан бол хол байх нь зөв юм байна. Айлууд гэрийнхээ ойролцоо амьтан идэж болох хог хаягдлаа ил хаяхгүй байх, тэжээвэр амьтдын хоолны үлдэгдлийг ил байлгахгүй байхыг зөвлөжээ.
Баавгайн тухай мэдээллийг сумынхаа Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасагт өгч болно. Аймгийн Байгаль орчны газарт 8805-5814, 8800-1394 дугаарын утсаар мэдээлнэ үү!