Прокурорын байгууллага дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6 хүртэл 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, өмчлөх эрхийн эсрэг 68, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 9, авлига, албан тушаалын 7, хүний амьд явах эрхийн эсрэг 6, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “С” ХХК болон иргэн Ш.Т нарын улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлийг өгч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
“Хот тохижилтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Б.Б, ерөнхий инженер С.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, үнэлгээний хорооны гишүүдэд “Д” ХХК-ийг шалгаруулах талаар хууль бус үүрэг чиглэл өгч, шалгаруулан Нийслэлийн төсөвт 4.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр сарын 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Дундговь аймгийн Засаг дарга Ц.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, “С” ХХК-нд 2000 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг “Э” ХХК нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1, 3 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн Б.Д, Г.Г нар нь насанд хүрээгүй Э, Ц, Н нарын эмзэг байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдад худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорнод аймгийн прокурорын газраас Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга А.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, акталсан хөрөнгийг журмын дагуу худалдан борлуулалгүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.