8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

2024-05-03 14:02:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал  зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл 7.7 км замыг хатуу хучилттай болгох хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.

 2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг нь зөрчих тохиолдол цөөнгүй байна.     

Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин,  орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment