8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшиг бүү хэл ганц цасанд "тараа таниулав"

2024-03-28 09:35:00

Зудын гамшиг Монгол орны бүх л нутаг дэвсгэрийг хамарч, хүн малгүй тамираа барсан хүнд өвөл удаан үргэлжлэв. Гуравдугаар сар дундаа орох үеэр цаг наашилж, цас хайлж хүмүүсийн сэтгэл зий тэнийсэн. Гэвч гэнэтхэн л цасан шамарга нийт нутгийн бүрхэж орхилоо. Гэнэтхэн гэх нь оновчгүй юм байна. Үнэндээ цас орно гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж, цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэхийг суваг бүрээр дамжуулан ОБЕГ-аас мэдээлсэн. Иргэдийн гар утас руу зурвас илгээж, цахим суваг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд хүргэж болох бүх л арга хэрэгсэл ашиглан хүмүүст дуулгахыг мэрийв. Гэвч цас хялмаалсан өглөөнөөс эхлээд л асуудал ундарлаа. 

17 машин мөргөлдвв

Өчигдөр өглөө /2024.03.27/ Улаанбаатар-Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км  авто замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарав. Ослын улмаас цөөнгүй хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Ослын улмаас тухайн орчмын авто замын хөдөлгөөнийг түр хаасан.

ОУ-ын нислэг хойшиллоо

Цас орж, цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор олон улсын нислэг хойшиллоо. Мэдээж нислэг хойшилсонд нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, 17 машин мөргөлдсөн нь ч нөлөөлсөн гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлэв. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ-аас гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг танилцуулсан юм. 

Дөрвөн дүүрэгт цахилгаан тасрав

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас үүдэн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. Улмаар БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор тог цахилгаан тасарсан юм. Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж, мөн өдөр эрчим хүчийг холбосон. 

Сэрэмж дутсан хандлага

Ганцхан өдөр цас ороход л том хэмжээний осол гарч, хэд хэдэн дүүргийн эрчим хүч тасарч, орон нутгийн зам хаагдаж, олон улсын нислэг ч хойшиллоо. Зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, болзошгүй эрсдэлээс сэргийлж буйг буруутгах аргагүй. Харин цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ суваг бүрээр гарч байхад урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Цас орно гэх мэдээллийг түгээхэд асар их анхаарч байгаа шигээ гамшиг эрсдэлээс сэрэмжилж, сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарах нь чухал. Хариуцсан байгууллагаас гадна хувь хүмүүс ч гамшиг, цаг агаарын үзэгдэлд сэрэмжтэй хандах нь зүй. Цас орно, цаг хүндэрнэ гэх мэдээллийг хүлээж авсан ч гэнсэргэгүй хандсаны балгаар өөрт төдийгүй бусдад чирэгдэл учруулж, өөрийн хийгээд бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлтэй. 

Бидний хандлага ямар байгааг, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт ямар байдалтай хандаж буйг хавар орсон ганц цас бэлхнээ илчлэв. Тиймээс бүх нийтээрээ гамшгийн бэлэн байдалд суралцах шаардлагатай. Үүнийг албаныхан ч анхааруулж буй. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Ард иргэд нь гамшгийн соёлыг эзэмшсэн, хариуцлагатай байж чадвал аюулыг хохирол багатай даван туулдаг гэдгийг энэ оны эхэнд  Япон улсад тохиолдсон онгоцны осол харуулсан. 300 гаруй иргэн, тэнд явах нисэх багийн бүрэлдэхүүн эсэн мэнд гарсан. Тиймээс бид гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт хийж, дадал эзэмших хэрэгтэй байна” хэмээсэн. 

Өнөөдөр 16:00 цагт улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдана. Үүнд бүх нийтээрээ оролцсоноор газар хөдлөлт, гал ус зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг ослын үед хэрхэх анхан шатны ойлголт авах боломжтой юм. Тиймээс энэ ажилд хүн нэг бүр ач холбогдол өгөх нь зүй. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment