Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар болоод байгаль хамгааллын байгууллагууд хамтран “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санг албан ёсоор байгуулснаа өнөөдөр зарлалаа.
2023 оны 7-р сард зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн форумын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгааллын итгэлцийн энэхүү санг байгуулахаар болсныг анх зарлаж байсан юм. Байгаль хамгааллын итгэлцлийн сан нь ирэх сард Засгийн газраар батлагдах гэж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр санаачилгын хандивлагчдын хөрөнгийг захиран зарцуулах хүрээнд байгуулагдаж буй бие даасан, хараат бус сан юм.
TNC байгууллагын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам тэргүүлэн байгуулж буй тус сан байгуулагдснаар Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол нөхцөл ийнхүү бүрдэж буй юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, сангийн ТУЗ-ын гишүүн Ц.Уранчимэг “Монголын байгалийн өв сан нь бие даасан, хараат бус итгэлцлийн сангийн хувьд Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийг үр дүнтэй, зохистой удирдан зарцуулж, байгаль хамгааллын үндэсний хэмжээний томоохон зорилгод хүрэхэд тусална гэсэн хандивлагчид болон олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх юм” хэмээв.
Монголын байгалийн өв сан нь 2024 оны гуравдугаар сард байгуулагдаж, Төлөөлөн удирдах зөвлөлөө байгуулсан юм. Олон талт төлөөлөл бүхий Төлөөлөн удирдах зөвлөлийг Монголын ногоон санхүүгийн корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болдoo тэргүүлэн ажиллаж байна.
“Энэхүү сан нь төр, хувийн хэвшил болон олон улсын хандив тусламж, тусгай сангуудын санхүүжилтийг хослуулан ашиглах боломжийг олгодог, олон улсад батлагдсан, ил тод холимог санхүүжилтийн загвар дээр суурилж байна. Манай байгаль хамгааллын салбарт тус загварчлал ийнхүү нэвтэрснээр тогтвортой хөгжлийг хурдасгах, байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж, ногоон хөгжлийн санаачилгуудыг бэхжүүлэх болсонд баяртай байна” хэмээн тус сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн М.Болдoo хэлсэн юм.
Сангийн дүрэмд заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь 7-11 захиралтай байх бөгөөд үүнээс хоёр гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, нэг нь TNC байгууллагаас тус тус томилогдсон юм. Бусад ТУЗ-ын захирлууд нь санхүү, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон биологийн олон янз байдлын хамгааллын салбарын төлөөлөл, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн төлөөлөл, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл болоод байгаль хамгааллын төрийн бус байгууллагын төлөөлөл нараас бүрдэж байна.
Олон улсын байгаль хамгааллын итгэлцийн сангуудын шилдэг туршлага болон ТNC байгууллагын олон жилийн практик туршлага дээр суурилж “Монголын байгалийн өв” сангийн энэхүү бүтцийг бий болгосон байна.
“Монгол Улсын байгаль хамгааллын салбарт тулгамддаг гол асуудлын нэг бол санхүүжилтийн дутагдалтай байдал юм. Иймд тус сан байгуулагдснаар байгаль хамгааллын төрийн болон төрийн бус байгууллагууд, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд, ОУ-ын байгууллагууд, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн санаачилсан байгаль орчны тогтвортой хөгжил, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх боломж ийнхүү бүрдэж байна” хэмээн TNC байгууллагын Гүйцэтгэх захирал, Сангийн ТУЗ-ын гишүүн Д.Галбадрах онцолсон юм.
Өнө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн зорилгуудад чиглэсэн, тус сангийн олгох аливаа грант төслүүд нь байгаль орчин орчин болоод нийгэмд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, түүнийг бууруулах, зохих нөхөн олговор олгох, орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн менежментийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.