“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан.
Тэгвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хоёр дахь удаагийн уулзалтаа хийжээ. Уулзалтаар нийслэлийн зүгээс “Улаанбаатар смарт карт” ХХК-аас U-Money картын мэдээллийн сан, карт болон картын чипийн төрөл, бүтцийн талаарх мэдээлэл болон нийслэлд шилжүүлэх боломжтой хөрөнгийн жагсаалтыг яаралтай гаргаж өгөхийг шаардсан байна. Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьд картын мэдээлэл оюуны өмчийн эрхтэй байдаг тул компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ гэдгээ илэрхийлжээ.
Нийслэл болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөллүүдийн анхны хурал хоёрдугаар сарын 6-нд болж, “Улаанбаатар смарт карт” ХХК-аас шаардлагатай албан бичиг, шилжүүлж өгөх дата мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, оюуны өмч, гэрээний хэрэгжилт, программ хангамж, тоног төхөөрөмжийн мэдээллийг гаргаж өгөхийг мэдэгдсэн ч тус компанийн зүгээс хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар өмнө нь "Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байсан.
Тэрээр" "Улаанбаатар Смарт Карт” компанид санхүүгийн шалгалт оруулъя гэхээр боломжгүй. Тооцоо судалгаа дата нь бүгд Өмнөд Солонгос руу явдаг. Нийтийн тээврийн зорчих нийт иргэдийн тоо баримтууд бүгд БНСУ руу явж байгаа тул бидэнд ямар судалгаа статистик мэдээлэл байдаггүй. Манай улсын үндэсний компаниуд ялангуяа, технологийн дэвшилтэд компаниуд смарт картыг хийх бүрэн боломжтой гэж үзэж байна" хэмээн мэдээлж байсан билээ.
Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Одоогоор 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байгаа аж. Иймд ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгах шаардлагатай байгааг Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлээд буй.