Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ.
Дуудлага худалдааг ирэх дөрөвдүгээр сарын 4-30-нд, auction.transdep.mn цахим хаягаар явуулна.
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
- 000А, АААА дугаар 2,000,000 /хоёр сая төгрөг/;
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 / таван зуун мянган төгрөг/;
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 / нэг зуун мянган / төгрөг байна.
Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа болох өдрийн өмнөх өдөрт 23 цаг 00 минутад бүртгэлийг хаана.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй байна.