Монгол улсад эмчлэх боломжгүй "Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр тохиож байна.
Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний шинэ технологийг Монголд нутагшуулах төсөл Засгийн газрын хуралдаанаар батлагдаж, Австрийн засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү хэрэгжиж эхлэхээр болжээ. Туяа эмчилгээ нь тархи нугасны хорт хавдрын хамгийн үр дүнтэй арга төдийгүй бусад байрлалын хавдарт маш өндөр нарийвчлалтайгаар үйлчилж, үхүүлэх нөлөө бүхий шинэ технологи юм. Уг технологийг суурьшуулах долоон сая еврогийн өртөг бүхий төслийн үйл явц Хавдар Судлалын үндэсний төвд хэрэгжихээр боллоо.
Эмчилгээнд дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлснээр хавдрын эдгэрэлт болон эрүүл эд эрхтний хамгаалалт сайжирч, өвчтөний амьдралын чанар дээшлэх боломжтой аж. Стереотактик туяа эмчилгээ нь мэс заслын эмчилгээтэй ижил үр дүнтэй бөгөөд нээлттэй мэс засалтай харьцуулахад хүндрэл, зовуурь багатай нь судалгаагаар батлагджээ.
Энэ талаар ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор М.Минжмаагаас тодрууллаа. Тэрээр "Хавдрын туяа эмчилгээнд ашиглагдаж байгаа хоёр шугаман хурдасгуурыг 2019 онд суурилуулсан. Одоо ашиглалтад орох аппарат нь гурав дахь шугаман хурдасгуур болж байна. Энэ нь өмнөх хоёр шугаман хурдасгуураас илүү хүчин чадал, нарийвчлалтай, энергийн хувьд өндөр гэдгээрээ онцлог. Мөн энэхүү шугаман хурдасгуурыг оруулж ирж байгаа төслийн зорилго нь тархи, нугасны хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх юм. Стереотактик туяа эмчилгээний онцлог нь маш өндөр нарийвчлалтайгаар, өндөр тунгаар нэг удаагийн эмчилгээг хийгддэг" гэлээ.
Энэхүү туяа эмчилгээний шугаман хурдасгуур нэвтэрснээр хавдрын улмаас гадаад улсыг зорих иргэдийн урсгал багасаж, иргэд эх орондоо сүүлийн үеийн хүчин чадалтай, өндөр технологи ашигласан эмчилгээг өртөг багатайгаар хийлгүүлэх боломж бүрдэнэ.