УИХ 2023 оны тавдугаар сард Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Уг хуульд аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч нь мэргэжлийн үнэмлэхтэй байхаар тусгасан. Мөн энэ хуулийн 10.4-т “Жуулчны хөтөч, тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалт бий. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, дээрх журмыг баталжээ. Уг журмыг хэрэгжүүлэх байгууллага нь Монголын мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо юм байна. Уг төрийн бус байгууллага нь төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж хөтөч, тайлбарлагч нарыг сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх олгох ажээ. Мөн хөтөч, тайлбарлагч нараас жил бүр 600 мянган төгрөгийн гишүүнчлэлийн татвар авахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор тус салбарт зөрчил бий болоод байна.
Зөв
Аялал жуулчлалын мэргэжилтэн л биш бол заавал сургалтад хамрагдаж хөтөч, тайлбарлагчийн үнэмлэх авахаар хуульчилсан юм. Хөтөч, тайлбарлагч бол нэг талаараа улс орны нүүр царай. Тэд улс орныхоо үүх түүх, өв соёлыг танилцуулж, Монгол Улс, монгол хүний тухай анхны сэтгэгдлийг жуулчдад төрүүлдэг хүмүүс. Тиймээс мэргэжлийн байх ёстой.
Мөн хувь хүнийхээ хувьд өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд үйлчилж буй жуулчныхаа эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эрх чөлөөнд нь халдсан гэмт хэрэг гарах болсон. Хөтөч Н.Мөнхбаатар бусад хөтөч, тайлбарлагч нарынхаа алдаа дутагдлыг хэлэхдээ "Аяллын хөтөч тайлбарлагч нар жолооч болон найзуудтайгаа нийлж архидан согтуурч, шоудах явдал хавтгайрсан. Энэ нь ажлын байрандаа архидан согтуурсантай адилхан. Мөн дээрээс нь жолооч нар нь машиндаа тамхи татаж, тоос шороотой хувцастай жуулчдад үйлчилдэг. Энэ бүх асуудлыг мэргэжлийн сургалтад хамруулж, үнэмлэх олгохыг дэмжиж байна" гэжээ.
Хөтөч, тайлбарлагч нарыг сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэх олгон жил бүр гишүүнчлэлийн татвар авах Монголын мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Амаржаргал “Хууль шинэчлэн батлагдсаны дагуу аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, хөтөч тайлбарлагч нараас гишүүнчлэлийн 600 мянган төгрөгийн хураамжийг авахаар шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан журмаар бүх жуулчны хөтөч тайлбарлагч мэргэжлийн үнэмлэхтэй байна. Үнэмлэх авахын тулд ур чадвар, ерөнхий мэдлэгийг шалгалтыг өгнө” гэв.
Буруу
Нөгөө талаас аялал жуулчлалын салбарын зарим мэргэжилтнүүд хөтөч, тайлбарлагчдад зөвшөөрөл олгож жил бүр 600 мянган төгрөгийн татвар авахыг эсэргүүж байгаа юм. Төр засгийын зүгээс аливаа зөвшөөрлийн тоог буруулах бодлого баримталж буй. Гэвч аялал жуулчлалын салбарт нэгэн зөвшөөрөлө шинээр бий болж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Манай улс 2023 онд анх удаа 650.000 жуулчин хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олсон. Энэ онд дээрх амжилтаа ахиулахаар төлөвлөж буй. Монголын Улсын гадаад сурталчилгаа сайн явж байгаагаас үзвэл энэ төлөвлөгөө биелэх бүрэн боломжтой. Тийм ч учраас нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Гэвч арай гэж сэргэж буй салбараасаа шинээр татвар авах гэж буйг эсэргүүлэх хүн олон байна. Тухайлбал, "Говь трэйвэл" ХХК-ийн хөтөч, тайлбарлагч О.Эрдэнэбаатар “Монгол Улсад хөтөч, тайлбарлагчдын журам шинэчлэгдэн батлагдсан нь маш зөв. Гэхдээ уг журмыг дагаж хөтөч нараас жилийн 600 мянган төгрөгийн хураамж авна гэх тогтоол гарсан нь зайлшгүй шаардлагатай асуудал биш. Зуны улиралд оюутнууд хөтчөөр ажиллаж сургалтын төлбөрөө олдог. Гэтэл тэр хүүхдүүд ч энэ хураамж дарамт болохыг үгүйсгэхгүй. Мөн хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй” гэлээ.