УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн. Санал байршуулснаас хойш 24 цагийн хугацаанд нийт 40 мянга гаруй иргэн дэмжсэн байна.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Тэрбээр "Энэ бол татварын тогтолцооны асуудал. Маш олон талын судалгаа хийх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг шууд 5 хувьд хүргэх боломжгүй. Хоёр хувийн буцаан олголтод 400 тэрбум төгрөг шаардлагатай. Буцаан олголтыг 5 хувь болгохын тулд 600 тэрбум төгрөг шаардлагатай. Нийлээд нэг их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн үг. 100 мянган иргэн дэмжсэн ч НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эдийн засгийн боломж байхгүй" гэсэн юм.