Дэлхийн хөрөнгөтнүүдийн жагсаалтыг гаргадаг Forbes сэтгүүл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Америкийн хамгийн чинээлэг 400 эрхмийн жагсаалтаас хассан билээ. Уг үйл явдлын дараа Трамп тус сэтгүүлийг өөрөөс нь уучлалт гуйх ёстой хэмээн шаардсан байна.
Гурван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Forbes-400 жагсаалтаас хасагдсан Трамп “Алдаатай мэдээлэл гаргасан Forbes сэтгүүл надаас уучлалт гуйхыг шаардаж байна. Чадваргүй сэтгүүлчид намайг хүнд цохилтод орууллаа” хэмээн өөрийн Truth цахим платформ дээр лхагва гарагт бичжээ. Forbes түүнийг олон тооны хууль шүүхийн маргаан зэргээс үүдэлтэйгээр хөрөнгийнхөө 600 сая ам.доллараа алдсан гэж үзсэн байна.
Хэдийгээр Трамп нийт хөрөнгийнхөө хэмжээг ил тод зарладаггүй ч Forbes түүнийг 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй үлдсэн гэж мэдээлсэн юм. Уг нийтлэлийг бэлтгэсэн Дэн Александрыг худал хуурмаг мэдээлэл бэлтгэсэн гэж тэрээр буруутгажээ. Трампын зэмлэлийн хариуд Александр X платформод “Дональд Трамп, хэрэв миний нийтэлсэн мэдээлэл, аль эсхүл таны тухай бичсэн номонд нэг ч болов худал зүйл байвал хэлээрэй. Би бичсэн үг бүрээ нягталж, нийтлэлээ хүргэсээр байх болно” хэмээн жиргэсэн байна.
Forbes сэтгүүлийн ахлах редактор Дэн Александр 2020 онд “Цагаан ордон: Дональд Трамп Ерөнхийлөгчийн албыг хэрхэн бизнес болгосон бэ” нэртэй номыг бичиж байжээ. Трамп хэдийгээр Forbes-400 жагсаалтаас хасагдсан ч тус сэтгүүлийн дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад 1,201 дүгээр байранд бичигдэн үлдсэн байна.