Дэлхийн өнцөг булан бүрт далайн усан доогуурх аялал зохион байгуулдаг OceanGate компанийн Титан хөлөг дэлбэрч, дотор нь байсан таван хүн амиа алдсан золгүй осол өнгөрсөн зургадугаар сард гарсан. Титан хөлөг далайн ёроолд живсэн алдарт Титаник хөлгийг зорьсон боловч Номхон далайн 3,800 метрийн гүнд усны хүчтэй даралтыг дийлэлгүй дэлбэрсэн гэж компанийн зүгээс тайлбарлаад байгаа юм.
Тэгвэл эргийн хамгаалалтын алба өнгөрсөн долоо хоногт осол болсон газраас холгүй Титан хөлгийн дахин нэг хэлтэрхий болон хүний цогцсын хэсэг олсон байна. Уг цогцос Титан хөлөгт байсан таван хүний нэгийнх нь байж магадгүй тул шинжээчид үргэлжлүүлэн шалгана. Ослоос хойш цөөн хоногийн дараа олон улсын хайгуулын баг шумбагч хөлгийн анхны хэлтэрхийг олсноор Титан дэлбэрсэн гэх таамгийг баталгаажуулж байсан юм. Уг ослоос хойш OceanGate бүх үйл ажиллагаагаа зогсоосон.
Шумбагч хөлөгт OceanGate компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш, Британи-Пакистаны бизнес эрхлэгч, хандивлагч Шахзада Давуд, түүний хүү Сулеман, Британийн бизнес эрхлэгч Хамиш Хардин болон Францын тэнгисийн цэргийн шумбагч асан Пол Хенри нар байжээ. Мөрдөгчдийн дэвшүүлсэн таамгаар усны даралт өндөр байгаа дохиог Стоктон Раш хүлээж аваагүй тул осол гарсан гэж үзэж байна.