8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Цаашид нийслэлд худалдан авалттай холбоотой асуудлыг нууцад оруулахгүй

2023-10-09 10:10:00

Х.Нямбаатараас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл авлаа. 

-Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах асуудал яригдаж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? 

-2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлээд Эрүүгийн хуульд шинэ бүлэг оруулсан. Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ял, хариуцлагыг чангатгах тухай. Одоо би ХЗДХ-ийн сайдын ажлыг өгчхөөд хууль зүйн бодлого тал дээр юм ярих нь утгагүй. Эрүүгийн хууль, эрүүгийн процессын хуулийг чангатгах төслүүд байгаа. Шинэ сайд нэмээд бодлого гаргаж, парламентад танилцуулах байх. Би ажиллаж байсан юмтайгаа эргээд хутгалдах нь зохимжгүй. 

-ХЗДХЯ-нд ажиллаж байсан багаа нийслэл рүү авч явах уу?

-Нийслэлийн Засаг даргаар томилох тухай асуудал эцэслэгдээгүй. Улс төрийн шийдвэр л гарсан. Эцэслэсэн хойно л асуудал ярих байх. Очоод хамгийн түрүүнд бүтцийн асуудлыг цэгцэлнэ. Данхар бүтцийг цэгцэлж, урсгал зардлыг хэмнэнэ. Хэмнэсэн зардлаа газар чөлөөлөлт рүү тусгах ёстой. Эдгээрийн хийхэд хуулийн том баг хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдал, түүнийг дагасан хуулиудыг боловсруулна.

Хатуу, хүндхэн шийдвэрийг гаргана. Энэ нь хуулийн дагуу байх ёстой. Тиймээс ХЗДХЯ-нд ажиллаж байсан зарим нөхдөд хамт ажиллах санал тавихаар байгаа. 

-Бондын асуудлыг хэрхэх вэ?

-Бондын мөнгийг юунд, хэзээ зарцуулахаас шалтгаалж энэ шийдвэрийг эргэж харахаар юм билээ. Сэлбийн далан дагасан босоо замыг санхүүжүүлэх асуудал байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн дуусаагүй барилгыг дуусгана. Бондын цан зохисон өдрөөс эхлээд хүүтэй мөнгө тоологдоно. Тиймээс цаг үеэ харах нь зүйтэй гэж бодож байгаа. 

-Автобусны асуудал дээр ямар бодолтой байна?

-Дизель хөдөлгүүртэй ногоон автобуснаас гадна цахилгаан автобус орж ирсэн юм байна. Энэ нь нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобусны гаалийн татвар төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр худалдан авах ажиллагааг яаж цуцалж, хүчингүй болгох вэ гэдэг асуудлын гаргалгааг гаргана. Улмаар дараагийн ээлжид ямар автобусыг хурдан хугацаанд худалдан авч, автозамын түгжрэл бууруулахад ашиглах асуудал яригдана. Нийтийн тээврийн оргил цагуудад нийтийн тээврүүд нэг газраа түгжрээд байгаа. Тиймээс загварчлал хийх талаар мэдээлэл сонслоо.

-Дараагийн автобус худалдаж авах асуудал нууцлалтай байх уу? 

-Нийслэл хотод худалдан авалттай холбоотой харилцаа дээр нууцлал гэдэг ойлголт цаашид хэрэгжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Түүнчлэн нийслэл хот дээр байгаа авлига, албан тушаалтай, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал зэргийг бодох шаардлагатай гэж ойлгосон. Шийдвэр гарсны дараа ямар төлөвлөгөөтэй ажиллах тухай мэдээлэл өгнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment