Европын усан доорх археологийн хүрээлэнгийн (IEASM) эрдэмтэд Египетийн эрэг хавиас үнэт эрдэнэсээр дүүрэн Амон бурхны сүм, Афродитад зориулсан грек сүмийн туурь олжээ. Live Science сэтгүүлд энэ тухай нийтэлсэн байна.
Судлаачид Газар дундын тэнгисийн эргийн ойролцоох сувгийг судлахдаа Амоны сүмийг олсон байна. Анх Амун бурханд зориулан барьсан уг байгууламж МЭӨ II зууны дунд үед газар хөдлөлтийн үеэр нуржээ. Абукирын булан дахь Тонис Ираклионы эртний боомт хотын нэг хэсэг байсан уг сүмд фараонууд дээд тэнгэрээс өөрсдийн хүч чадлыг батламжлах ёслол үйлддэг байжээ. Шумбагчид эндээс тахилга ёслолын мөнгөн эд хэрэгсэл, алтан эдлэл, үнэртэй ус, тос хадгалах зориулалттай алебастр сав олжээ.
Ариун сүмийн зүүн хэсгээс археологичид хайрын бурхан Афродитад зориулсан Грекийн ариун газрыг олж илрүүлсэн юм. Энд олон тооны олдворууд, тэр дундаа хүрэл, шаазан эдлэл, Грекийн зэвсэг байжээ. Энэ нь Саитуудын омгийн фараонуудын үеэр (МЭӨ 688 оноос МЭӨ 525 он хүртэл.) грекчүүдэд худалдаа хийж, хот сууриндаа амьдрахыг зөвшөөрч байсныг гэрчилж байна.