ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх сард Умард Солонгост айлчлах болсноо Бямба гарагт мэдээлжээ.
Тэрбээр Нью-Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үеэр болсон хэвлэлийн хуралд оролцохдоо энэ тухай сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Лавровын айлчлалын зорилго нь саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чиглэх гэнэ.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа. Есдүгээр сарын 13-нд хоёр улсын төрийн тэргүүнүүд Оросын Алс Дорнодод уулзсан. Долдугаар сард ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид Пёньянд айлчилж байв.
Пёньянд очихдоо Лавров удахгүй болох Путиний айлчлалын төлөвлөгөөг хэлэлцэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Уны урилгыг хүлээж авснаа Путин өмнө нь мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Yonhap News