"Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй" гэх Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх Дээд шүүхийн шийдвэр гарлаа.
Тодруулбал нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байгааг Дээд шүүхээс мэдээллээ.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, ШӨХТГ, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр хэлэлцжээ.
Давж заалдах шатны шүүхээс энэ оны зургаадугаар сард арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр гарсан. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх биш, Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарах байсан юм.
Хуульчийн тайлбарласнаар уг шийдвэрийн дагуу арилжааны банкууд 2021, 2022 онд ипотекийн зээл авахдаа 1%-ийн шимтгэл төлсөн иргэдийн мөнгийг буцаан төлөх ёстой болж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай ЭНД дарж танилцах боломжтой.