Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.09.05/ боллоо. Хуралдааны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн хангаж байгаа талаар болон валютын нөөцийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар саналаа танилцуулж, дэмжүүллээ. Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 933 сая ам.доллар байна. Өнгөрсөн сартай харьцуулахад 106 сая ам.доллараар нэмэгдсэн нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна гэж үзэж байна. Цаашид анхаарч ажиллах зүйл их бий. Уул уурхайн салбарын гэрээ хэлэлцээрийг ил болгох, Монгол Улсад ашиг нь өндөр байх арга хэмжээг авч ажиллаж байна. Есдүгээр сард жонш, төмөрийн хүдрийг биржээр борлуулах үүргийг өгсөн. Биржээр борлогдож байгаа бүтээгдэхүүнийг хилээр гаргахад тусгай гарц гаргах чиглэл өгсөн. Бодитой үр дүн гаргаж Засгийн газарт мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасан. Ингэснээр биржээр аль болох илүү бүтээгдэхүүн зарагддаг, бараа нь хурдан гардаг нөхцөлийг л бүрдүүлнэ гэсэн үг" гэлээ.