Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сард ээлжит хурлаа хийх товтой. Хуралдаанаас төв банкны бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээл олголтыг дэмжих хүлээлт байгаа юм.
Учир нь төв банкийг мөнгөний зөөлөн бодлогоос татгалзахад хүргэдэг инфцляцийн өсөлт, валютын ханшийн эрсдэл, төсвийн үрэлгэн зарлага оны төгсгөл хүртэл эдийн засагт томоохон донсолгоо үүсгэхгүй байх дүр зураг харагдаж байна.
Үүнд дараах гурван хүчин зүйл нөлөөлөх боломжтой. Нэгдүгээрт, ОХУ-тай хийсэн гэрээний дагуу шатахуун түлшний үнэ тогтвортой байх нь. Хоёрдугаарт, мах, хүнсний ногоо тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ улирлын онцлогоосоо хамаарч намар буурдаг. Оны эхний хоёр улиралд инфляц өндөр гарахад голлон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саармагжина гэсэн үг. Гуравдугаарт, Монгол Улсын уул уурхайн экспортын орлого түүхэнд байгаагүй өндөр гарч байгаа нь төгрөгийн ханш тогтвортой байх, улмаар импортын гаралтай үнийн өсөлтийг сааруулах хүлээлт бий болгов. Монголбанкнаас улирал тутам эдийн засагчид, их сургуулийн багш судлаачид болон хөрөнгө оруулалт, менежментийн компанийн шинжээчдийн дунд явуулдаг судалгаанд энэ талаар дурдсаныг товчхон дурдахад ийм байна.
Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн зургадугаар сарын хуралдаанаас бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Тухайн үеийн мэдэгдэлдээ, “Цаашид инфляцийн өсөлт буурах хандлагатай байгаа. Гэвч УИХ-аас 2023 оны төсөвт тодотгол хийхтэй холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс илүү өсөхөөр байна” гэдгийг онцолж байлаа.
УИХ-аас өнгөрсөн зургадугаар сард баталсан 2023 оны төсөвт тодотгол хийсэн. Тодотголоор цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдүүлсэн нь өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа. Эдийн засаг дахь эрэлтийг дэмжсэн төсвийн уг арга хэмжээ дам нөлөөгөөрөө үнийн өсөлтийг өдөөх хүлээлт үүсгэсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн долдугаар сард инфляц 9.2 хувьтай гарсан нь шинжээчдийн хүлээлтээс доогуур байсан. Энэ нь 2022 оны долдугаар сард инфляц 16.4 хувьтай гарч байснаас харьцангуй эерэг үзүүлэлт.
Өөрөөр хэлбэл, төв банкны мэдэгдэлд дурдсан болгоомжлол арилж, ирэх улирлуудад мөнгөний зөөлөн бодлого баримтлах боломж нээгдэж байна.
Монголбанкнаас инфляцийг 2020-2024 онд зургаан хувь орчимд буюу 6+/-2 хувьд барих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Хэрэв 2024 онд инфляц, валютын ханш, төсвийн зарлага гэсэн гурван эрсдэл тохиохгүй бол дээрх зорилтыг биелүүлэх боломжтой. Эдийн засгийн гадаад орчны тухайд 2024 он эерэг байх хүлээлт байгаа ч дотоодод УИХ-ын сонгуулийн солиорлын жил тохионо. Үүнээс сэргийлэн инфляцийг нам дор түвшинд барьж, төв банк мөнгөний зөөлөн бодлогоо арилжааны банкуудын зээл олголтоор хэрэгжүүлээд эхэлбэл эдийн засгийн өсөлт жамаараа өндөр гарах эрх баригчдын хүсэл аяндаа биелнэ.