8o
Улаанбаатар хот
mobile menu

"Тоёота" брэнд 63-р сургуульд цахилгаан шат суурилуулж сурагчдын сурах нөхцөлийг сайжрууллаа

2023-09-04 13:17:57

Тоёота брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж, Нийслэлийн 63 дугаар дунд сургуульд нэн шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж 2023 оны есдүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өглөө.

Тус сургуулийн эрхэм зорилго нь олон улсын жишигт нийцсэн, тусгай хэрэгцээт боловсролын хөгжилд хувь нэмэр оруулсан оюуны төв болох, сурагч бүрийн хэрэгцээг хангаж, хөгжлийн цогц үйлчилгээг үзүүлэн нийгэмд бие даан амьдрах чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд чиглэдэг.

Энэхүү зорилгод хувь нэмрээ оруулахаар “Бүгдэд зориулан аз жаргалыг үйлдвэрлэгч” эрхэм зорилготой “Тоёота” брэнд нь сурагч, эцэг эх, багш ажилтнуудад тулгамдаад байсан асуудал болох тусгай хэрэгцээт хүүхэд, иргэдэд зориулсан цахилгаан шатыг суурилуулж байгаа юм.

зураг

 

зураг

 

Өөрөөр хэлбэл  хүүхдүүдийн хөгжлийн ялгаатай байдал, онцлог, хэрэгцээг харгалзсан тэгш хүртээмжтэй орчин бүрдсэнээр 63 дугаар сургуульд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, тэргэнцэртэй сурагчид сургуулийн орчинд анги танхимдаа орох, гарах үедээ аюулгүй зорчих таатай нөхцөл бүрдлээ. Тэднийг аав ээж эсвэл багш нар нь өргөж, үүрч шатаар явах шаардлагагүй болж тэд хичээл сургалтдаа илүү анхаарах боломж бүрдэн, суралцах орчин сайжирч байна.

Цахилгаан шат нь тулгуур эрхтний  бэрхшээлтэй хүүхдүүд зорчих чанарын стандартад нийцсэн, тэргэнцэр эргэх орон зайг шийдэж өгөхөөс гадна  хүүхэд  товчлуурыг дарах боломжит түвшинд байрлуулж өгснөөрөө онцлогтой. Мөн  хүүхэд цахилгаан шатаар зорчиж байхдаа гадаах орчин, ногоон байгалийг шилэн цонхоор харах боломжтой шийдлээр хийжээ.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

“Тоёота” брэнд нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг. Үүний дөрөв дэх үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгоор суралцагчдын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, тэгш хамруулахад чиглэжээ.

“МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙН СУРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА"

зураг

 

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шинобү Маэно:

- Монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэгэн хэв маяг болсон Тоёота брэнд нийгмийн сайн сайхны төлөө мөн ажилладаг билээ. Энэ хүрээнд “Тоёота” брэнд нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө, Нийслэлийн 63 дугаар дунд сургуулийг дэмжин ажиллаж буйдаа баяртай байна.

Тус сургуулийг цахилгаан шаттай болгосноор сурагч хүүхдүүдэд төдийгүй багш ажилтнуудад ч хэрэгтэй зүйл болсон гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтээгүүр бид Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн ажил хийж буйдаа талархалтай байгаа ба цаашид урт хугацаандаа олон ажил хийхээр төлөвлөж байна.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра:

зураг

 

- Өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцээд нэгэн сайхан үйл явдал давхцаж байна. Сургуулийн захирал, багш, ажилтнууд хүүхдүүдийнхээ төлөө ямар их хүчин чармайлт, анхаарал халамж тавьж буйг харлаа. Боловсрол бол хүний эрх, харин тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан тусгай боловсрол нь хүний онцгой эрх юм.

Тус сургуулийг цахилгаан шаттай болгосон “Тоёота” брэндэд талархаж байна. НҮБ нь хүний эрх, хүүхдийн эрхийг чухалчлан ажилладаг бөгөөд Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилт болох Чанартай боловсролыг дээдэлсэн өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин оролцлоо. Тусгай хэрэгцээт хүүхдүүд нь бидний тусламж, хичээл зүтгэлээр сайхан ирээдүйтэй, чадвартай иргэн болох тул бидний анхаарал, халамж маш чухал юм.

"Монгол Контент" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Чинзориг:

зураг

 

- Хөгжлийн ялгаатай байдлын талаарх нийгмийн түгээмэл ойлголтуудыг засах, зөв мэдээллээр хангах, олон нийтэд таниулах, хүртээмжтэй нийгмийг бий болгохын тулд хүн бүр, байгууллага, ААН-үүд өөрсдийн чадах чинээгээр туслах үүрэгтэй гэж би боддог. Тиймээс энэхүү ажлыг санаачилж, санхүүжүүлсэн “Тоёота” брэндийн хамт олонд талархаж байна. Мөн уг төсөлд дэмжлэг үзүүлсэн НҮБ-д талархал дэвшүүлье. Бид цаашид хүртээмжтэй нийгэм тэр дундаа хүртээмжтэй боловсролыг бий болгохын төлөө хамтран ажиллах болно.

“ОХИНЫ МИНЬ СУРЧ, ХӨГЖИХ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ЖИГҮҮР УРГУУЛАХ ШИГ САЙХАН БАЙНА”

Цахилгаан шаттай болсноор хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн хувьд ч багагүй ачаа хөнгөрч байгааг хэлж байлаа.

Нийслэлийн 63 дугаар дунд сургуулийн сурагч Б.Биндэръяагийн ээж Г.Золжаргал:

зураг

 

- Миний охин энэ жил 63 дугаар дунд сургуульд элсэн орж байна. Анги нь хоёрдугаар давхарт учраас түүнд цахилгаан шат зайлшгүй хэрэгцээтэй байсан. Учир нь бид хүүхдээ тэврээд шатаар өгсөх нь багагүй хүндрэлтэй байдаг. Хөдөлгөөн заслын анги, дуу хөгжим, хоолны газар гээд анги танхимууд нь харилцан адилгүй давхарт байдаг учир энэ нь нүдээ олсон тусламж байлаа. Охины минь сурч, хөгжих хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулах шиг л сайхан санагдаж байна. Зөвхөн бидний ч биш олон хүүхдийн урмыг тэтгэж буйд маш их баяртай байна.  Үүнийг хэрэгжүүлсэн “Тоёота” брэндийн хамт олон, “Монгол Контент” ХХК, “Өрнөх Хүч Инженеринг” ХХК-иуддаа талархаж буйгаа илэрхийлье.

Нийслэлийн 63 дугаар сургуулийн Захирал С.Эрдэнэбаатар:

зураг

 

- Боловсролын тэгш боломжийг бий болгохын тулд эхлээд суралцах орчны ялгаатай байдлыг арилгах хэрэгтэй. Ашиг тусыг хүртэгч нь манай сургуулийн зөвхөн тэргэнцэртэй, тархины саажилттай хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Үүний цаана тэдний гэр бүл, аав ээж, ах эгч бас бий. Хүүхэд нас нэмж бие нь томрохын хэрээр тэднийг энгийн шатаар өргөж, тэвэрч явахад хүндрэлтэй болдог. Ангийн багш, найз нөхөд нь ч нуруундаа ачаалал нэмдэг. Тиймээс бид маш олон хүүхэд, хүмүүст тус дэм болсон цахилгаан шаттай боллоо. Хөгжлийн онцлогтой сурагчид сурдаг сургууль, боловсролын байгууллага бүр цахилгаан шаттай болоосой гэж хүсэж байна.

Сонирхуулахад, Тоёота брэнд өмнөх жилүүдэд эрүүл мэндийн салбарт чиглэн ажилласан. Тухайлбал  2021 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв. Мөн 2022 онд түрүү бөхийн нэрэмжит шагналаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийн 283.8м.кв талбайг тохижуулсан юм.

Тоёота брэндийн хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК 3 дахь жилдээ ажиллаж байна. Тус хамт олон нь салбартаа 10 гаруй жилийн туршлагатай, мэргэжлийн бүтээлч баг хамт олон юм. Иж бүрэн цахилгаан шат суурилуулах ажлыг салбартаа 10-аад жилийн туршлагатай инженер, техникийн албаны баг хамт олноос бүрдсэн мэргэжлийн “Өрнөх Хүч Инженеринг” ХХК хийж гүйцэтгэлээ.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment