8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд тавтай морил Пап Францис

2023-09-01 10:10:00

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад төрийн айлчлал хийж байна. Жилдээ 3-4 улсад айлчилдаг Пап Францис манай улсад айлчилж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг Монгол руу чиглүүлсэн томоохон үйл явдал болж байна. Түүний айлчлалыг сурвалжлахаар гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 150 орчим хүн Монголд ирээд байна. Монгол Улсад ийм олон гадаадын хэвлэл цуглаж байгаа нь анхны тохиолдолд болж байгаа юм. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг сурвалжлахаар олон хэвлэл мэдээллийн ажилтнууд ирж байсан ч энэ удаагийнхаас цөөн байв. Ийнхүү гадаадын олон хэвлэл Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний айлчлалыг сурвалжлахаар ирснийг далимдуулан Монгол Улсаа дэлхийд сурталчлах сайхан боломж хэмээн үзэж байгаа юм. Тиймээс өнөөдөр зөвхөн гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан бэсрэг наадмыг Тэрэлжид зохион байгуулж өв соёлоо сурталчлахаар болоод байна. Харин Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисыг маргааш Сүхбаатарын талбайд албан ёсоор угтсанаар айлчлалын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Пап Францисын айлчлалын үеэр тухайн улсад 10-400 сая долларын орлого ордог

Манай улсад 1300 гаруй католик шашинтан байдаг бол манай бүс нутагт 1.3 тэрбум католик шашинтан байдаг юм байна. Тиймээс Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан манай улс руу ирж буй жуулчдын тоо нэмэгджээ. Степпа Аренад болох гэгээн мөргөлийн үйл ажиллагаанд оролцохоор 3500 хүн албан ёсоор бүртгүүлжээ. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нэг улсад очиход тухайн улсад дор хаяж 10-400 сая ам.долларын орлого оруулдаг гэсэн тооцоо байдаг тухай албаны хүмүүс мэдээллээ. Энэ жил жил манай улсад ирэхээсээ өмнө Бүгд найрамдах ардчилсан Конго, Өмнөд Судан, Унгар, Португал улсад айлчилжээ.

 

Найман зууны дараах гийчин

Монголчууд Гэгээн ширээт улс буюу Ватикантай харилцаж байсан түүх 800 жилийн тэртээгээс эхтэй. 2010 онд ил болгосон “Ватиканы нууц бичиг баримт”-ын нэгээхэн хэсэгт 1246 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Чингис хааны ач хүү, Их Монгол улсын гурав дахь их хаан Гүюгээс Ромын Пап лам Иннокентиус IV-т илгээсэн захидал хадгалагдан үлджээ. Пап ламд хандсан уг бичгийн эхэнд амар мэндийн ёсыг гүйцэтгээд Христийн шашинд дагаар орох ятгалгын хариуд “...Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой...” хэмээн эрх сүрээ далайлгасан байдаг. Монголын эзэнт гүрний хасбуу тамганы цор ганц дардас хадгалагдан үлдсэн уг захидлын хариуд Ромын Пап Гүюг хааныг Ватиканд морилон саатахыг урьсан хариу илгээсэн нь нууц архивын баримтаар нотлогдсон билээ. Энэ мэтчилэн Их Монгол улс болон Ил Хаант улсын хаад XIII зуунд Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхийг гэрчлэх найман захидлын эх хуулбар Монголд ирээд буй. Гүюг хаанаас 800 жилийн дараа Ромын Папыг урьсан анхны урилгыг өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувиар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ватиканд очиж гардуулсан юм. Үүний дагуу Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Ерөнхий сайд, Гадаадын харилцааны сайд тэргүүтэй албаны хүмүүсийнхээ хамт Монголд айлчилж байна.

266 дахь Пап

Пап Францис 2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс сонгогдсон анхны Пап болсон юм. Дэлхийн 48 орны католик сүмийн 115 хамба түүнийг сонгох хуралд оролцон сонгожээ. Манай улсад Төрийн тэргүүнээр хэн сонгогдож сонгуулийн дүн хэрхэн гарсныг СЕХ-ноос албан ёсоор мэдэгддэг бол Ватиканд Сикстиний сүмийн яндангаас цагаан утаа гаргаж шинэ Пап сонгогдсоныг олон нийтэд зарладаг байна. Шинээр сонгогдсон Пап бүрд шинэ нэр хайрладаг бөгөөд 266 дахь Пап сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байжээ. Улмаар түүнд Францис хэмээх нэр хайрлажээ.

Гэгээн ширээт улс 1000 орчим хүн амтай

Гэгээн ширээт улс нь Бүгд найрамдах Итали улсын нийслэл Ром хот дотор 044 км2 нутаг дэвсгэртэй хот улс юм. Энэ оны байдлаар тус улс 1000 орчим хүн амтай. Хүн амын дийлэнх нь Итали, Швейцар гаралтай хүмүүс. Албан ёсны хэл нь итали, латин. Европын Холбоотой байгуулсан хоёр талын хэлэлцээрийн хүрээнд еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээр ашигладаг. 

Италийн Ерөнхий сайд Бенито Муссолони, Папын Төрийн нарийн бичгийн дарга (Ерөнхий сайд), кардинал Пиетро Гаспарри нар 1929 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Латераны гэрээ”-нд гарын үсэг зурснаар  Италийн нутаг дэвсгэрт тусгаар тогтносон, бүрэн эрхт Гэгээн ширээт улсыг байгуулж, Ватикан хотыг хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Латераны гэрээ нь католик сүмийн Италийн хаант улсын засаг, захиргаан дахь нөлөөллийг үгүй хийх, өөрөөр хэлбэл төр, шашин хоёрыг салгах үндсэн зорилготой. Жишээлбэл, Италийн хаан угсаа залгамжлан хаан ширээндээ суухад Папаас зөвшөөрөл авдаг, шашнаар дамжуулан Италийн төрийн хэрэгт шууд оролцоотой байсан. Олон улсын түүхч, судлаачид Латераны гэрээ нь Италийн Ерөнхий сайд Бенито Муссолонигийн улс төрийн замналын хамгийн том дипломат ялалт төдийгүй Итали Улсыг үндэстэн улс, Гэгээн ширээт улсыг шашин төвтэй тусгаар улс болон төлөвшихөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/09/05 102.89.34.83