8o
Улаанбаатар хот
mobile menu

Евгений Пригожин нас барсан болохыг генийн шинжилгээгээр баталлаа

2023-08-28 12:58:47

Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд ниссэн Embraer Legacy 600 нэртэй хувийн онгоц осолдсон хэрэг лхагва гарагт гарсан. Уг ослын улмаас онгоцонд байсан 10 хүн бүгд газар дээрээ амиа алдсан. Эдгээр зорчигчдын нэрсийн жагсаалтад Оросын хөлсний цэргийн Вагнер бүлгийн гол удирдагч Евгений Пригожин болон түүний баруун гар, бүлгийн командлагч Дмитрий Уткин нарын нэр байсан юм.

Гэсэн хэдий ч хоёр онгоц зэрэг ниссэн бөгөөд Пригожин аюулгүй байдлын үүднээс нэрээ бүртгүүлсэн ч нөгөө онгоцонд сууж амьд үлдсэн гэх цуу яриа гараад байсан. Тэгвэл ослын газарт ажилласан мөрдөгчид ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн цогцост генийн шинжилгээ хийсний дүнд Пригожин амь үрэгдсэн болохыг батлан өчигдөр мэдээллээ. Оросын мөрдөн байцаах хороо нас барсан 10 хүн хэн болохыг бүрэн тогтоож дууссан байна.

Нөгөө талаар Embraer Legacy онгоц нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд 300 орчим үйлдвэрлэгдсэн бөгөөд нэг ч удаа техникийн гэмтлээс болж осолдож байгаагүй тул гадны нөлөөтэйгээр осолдсон гэх хардлага байгаа. Тэр дундаа Пригожинтой ойрын холбоотон байсан ч өнгөрсөн зургадугаар сараас хойш зөрчилдөх болсон Кремль, тодруулбал Ерөнхийлөгч Владимир Путиныг санаатайгаар онгоцыг сөнөөж, Пригожины амийг хороосон гэх цуу яриа тасрахгүй байна. Харин Кремлийн зүгээс уг осолтой ямар ч холбоогүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм.

Мөрдөн байцаах хороо уг осолд эрүү үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна. Тус хорооны мэдэгдсэнээр “ослын газраас олдсон цогцсуудад молекул-генетикийн шинжилгээг хийж дууссан. Шинжилгээний хариу онгоцонд байсан 10 хүний нэрсийн жагсаалттай тохирч байна” гэсэн хариуг өгчээ. Онгоцонд Пригожин, Уткин нараас гадна Вагнер бүлгийн Украин, Сири, Африкийн ажиллагаанд оролцсон бусад гишүүд байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл