8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Г.Занданшатар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг хүлээн авч уулзав

2023-08-23 11:27:00

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Др. Якабыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Улсын Их Хурал болон хувиасаа талархал илэрхийлэв. Тэрбээр, ДЭМБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаад баяр хүргэж, өнгөрсөн жил Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн түүхэн ойг бид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснийг дурдав. Мөн монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр идэвхтэй, нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ, түүний дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якаб хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы хоёр дахь өдрийн хүрээнд өнөөдөр төлөөлөгчдийн хамт Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдад ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, анхан шатны тусламж хэрхэн үзүүлж байгаатай танилцсан. Энэ ташрамд дурдахад VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад ДЭМБ болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна. Үүнийг VII чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох сонирхолтой байна.

Энэ нь төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн Монгол Улсад халдварт бус өвчний тархалт бусад орны адил өндөр байгаа. Үүнд эрх зүйн зохицуулалт чухал ба Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлаар батлахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс Монгол Улстай ундны ус, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт болон эмийн чанарын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль эрх зүйн хүрээнд зарим шинэчлэлийг хийж сайжруулах шаардлагууд байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдийг оруулж ирсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлаас дэмжин ажиллах болно гэлээ. Тэрбээр, бидний хувьд эмийн чанарын асуудал онцгой анхаарал татаж байна. Энэ хүрээнд эмийн чанарын хяналтын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд үүнд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох санаачилга гаргасанд талархал илэрхийлье гэв. Мөн дэвшилтэт технологийг түшиглэсэн дижитал эмнэлгийн үйлчилгээ манай улсад нэн чухал. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сард хиймэл оюун ухааны томоохон төв нээгдэнэ. Тус төвөөр дамжуулан дижитал эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүргүүлэхээр ажиллаж байна.

Үүнд манай орны онцлогт тохирсон сайн жишээ, шинэ технологи, инновац чухал, мөн тус төвийг Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар дээшлүүлэх чиглэлээр Монгол Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл