8o
Улаанбаатар хот
mobile menu

Саудын Араб улсад АНУ-ын иргэн цаазлуулжээ

2023-08-17 12:12:00

Лхагва гарагт буюу өчигдөр АНУ-ын иргэнийг цаазалсан тухай Саудын Араб улсын төв хэвлэл мэдээлжээ.

Шүүхийн ялын дүгнэлтэд өгүүлснээр Бишой Шариф Нажи Насеф нь Египет улсын харьяат эцгийнхээ амийг хөнөөж, цогцсыг нь мөчилсөн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэнэ.

Мөн тэр хар тамхи хэрэглэж, бас нэг хүний аминд халдахыг завдсан тул цаазын ялаар шийтгүүлсэн гэжээ.

Ялтныг өчигдөр нийслэл Рияад хотын ойролцоо цаазалсан тухай мэдээлсэн байна.

Цаазлахдаа ямар арга хэрэглэснийг мэдээнд дурдаагүй ч Саудын Араб нь сэлмээр толгой цавчих арга хэрэглэдэг уламжлалтай юм.

“Бид энэ мэдээг хүлээн аваад нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй байна” гэж АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ведант Пател сэтгүүлчдэд мэдэгджээ.

Хамгийн сүүлд долдугаар сард АНУ-ын консулын ажилтан Насефтай шоронд уулзсаныг тэр баталсан байна.

Эмнести Интернэйшнл байгууллагын дүгнэлтээр Саудын Араб улс нь өнгөрсөн онд хамгийн олон цаазын ял гүйцэтгэсэн дэлхийн улс орнуудын гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм.

Одоогийн хаан Салман засгийн эрхийг авсан 2015 оноос хойш тус улсад нийт 1,000 гаруй хүнийг цаазалжээ.

Энэ онд нийт 91 хүнийг цаазалсны 19 нь гадаадын иргэд байсан юм.

Тэдгээр нь АНУ-аас гадна Бахрейн, Бангладеш, Египет, Энэтхэг, Йордан, Балба, Пакистан, Филиппин, Йемений иргэд байжээ.

2022 онд терроризмын хэрэгт шийтгүүлсэн 81 хүнийг нэг өдөр цаазлаад олон улсын хамтын нийгэмлэгт хурцаар шүүмжлүүлж байв.

Саудын Арабын дэфакто удирдагч гэгддэг угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман улс орондоо шинэчлэлт явуулж, цаазын ялыг цөөрүүлж байгаагаа байнга ярьдаг.

2022 оны гуравдугаар сард “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэр хүн амины хэрэг болон “олон хүний амь насанд заналхийлсэн” хэргээс бусад тохиолдлуудад цаазын ял оноохоо больсныг ярьж байжээ.

 

Эх сурвалж: AFP

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SEKSY
NZ AMRAG BOLN80955877
2023/08/20 139.5.217.123