8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгосын багш нар хичээлд саад учруулсан хүүхдүүдийг анги танхимаас хөөх, хүч хэрэглэх эрхтэй болов

2023-08-17 11:57:00

Өмнөд Солонгосын боловсролын яам өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрх мэдлийг нэмэгдүүлэх багц журмыг танилцуулжээ.

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ журамд зааснаар багш нар хичээлд саад учруулсан бага, дунд, ахлах ангийн сурагчдыг анги танхимаас хөөн гаргах, гар утас зэрэг эд зүйлсийг нь хураах эрхтэй болсон байна.

Бас хичээл үймүүлсэн сурагчдад биеийн хүч хэрэглэх, тэдгээрт сахилгын арга хэмжээ авахыг сургуулийн удирдлагаас шаардах эрхтэй болжээ.

Мөн эцэг эхчүүд багштай уулзахдаа заавал урьдчилж цаг авдаг болж, эцэг эхчүүд хэл амаар доромжилж, хүч хэрэглэх гэвэл уулзалтыг дуусгах эрхийг багшид олгосон байна. Бас багш нар ажлын бус цагаар эцэг эхчүүдтэй уулзахаас татгалзах бүрэн эрхтэй болжээ.

“Энэхүү шинэ дүрэм нь хичээлийн анги танхимд дэг журмыг сэргээн тогтоож, сурагч, багш нарын эрхийг тэнцвэртэй хангахад чиглэж байна” гэж боловсролын сайд И Жү Хо өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.

Өнгөрсөн сард Сөүл хотын нэг бага сургуулийн 24 настай багш эцэг эхчүүдийн дарамтыг тэвчиж чадалгүй амиа хорлосон юм.

Энэ явдлын дараа Өмнөд Солонгосын багш нар эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, сурагч, эцэг эхчүүдийн хүчирхийлэл дарамтаас хамгаалах арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардаж байлаа.

 

Эх сурвалж: Yonhap News

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл