8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэтхэгт аадар борооны улмаас 58 хүн амиа алджээ

2023-08-17 12:28:52

Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсжээ. Улмаар 58 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй алга болоод байна. Тус улсын Химачал-Прадеш, Уттаракханд мужуудад хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орж, их хэмжээний хохирол учраад буй. Энэтхэгт борооны улиралд үер болж, хөрсний гулгалт үүсэх нь түгээмэл тохиолддог. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж тэдгээрийн давтамж улам бүр нэмэгдэж байгаа талаар мэргэжилтнүүд онцолж байна. 

Химачал-Прадеш мужийн тэргүүн сайд Сукхвиндер Сингх Сукхугийн хэлснээр "Урьд нь ийм их бороо орж, 24 цагийн дотор 50 гаруй хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдэж байгаагүй. 20 орчим хүн нуранги дор гацаад байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэжээ. 

Харин Уттаракханд мужид өнгөрсөн баасан гарагаас хойш найман хүн амиа алдсан тухай холбогдох албаныхан мэдээлээд байна. Гамшигт өртсөн мужуудад гол замууд эвдэрч, цахилгаан шугам, харилцаа холбооны сүлжээ тасалдсаны улмаас олон мянган хүн үерт боогдоод байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл