8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэг нь үерт автсан 500 хүүхдийн асуудлыг хэн анхаарч, хэрхэн шийдвэрлэх вэ?

2023-08-16 10:47:00

Сар гаруйн өмнө үерт авсан Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгт үерийн ус орсны улмаас есдүгээр сард хүүхдүүдээ хүлээж авах боломжгүйд хүрчээ.

Цэцэрлэгийн үүдээр ороход чийгийн үнэр ханхлах бөгөөд хатаахаар зэхсэн эд хэрэгслээ зайчилж, сийрүүлсэн харагдана. Хэдийгээр алба хаагчид нь ажилдаа орж, цэвэрлэгээ, үйлчилгээгээ эхлүүлсэн ч цэвэрлэж, цэгцлээд л асуудал шийдэгдэхээргүй нь харахад л илт. Тус цэцэрлэгт тухайн дүүргийн 500 гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд нийт гурван байртай. Үерт хоёр байр нь усанд автсан тул цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд тэр тооны хүүхдүүдийн боловсрох, хүмүүжих эрх зөрчигдөхөд хүрсэн байна. 

Цэцэрлэгийн үйл ажиллагаа хичээлийн шинэ жилээс өмнө амжих эхлэх эсэхийг Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооноос тодруулахад “БШУ-ны сайд ирж, нөхцөл байдалтай танилцсан. Засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байгаа” гэсэн хариулт өгсөн юм. 

Харин Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Сарантуяа "Эд хөрөнгийн хохирлоо тодорхойлуулаагүй байна. Мэргэжлийн байгууллага тодорхойлдог гэх мэдээлэл авсан. Өөрсдийнхөө түвшинд машин тоног төхөөрөмж, эд хэрэгслээ усанд автуулсан гэх мэдээллээ Нийслэлийн боловсролын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газар мэдэгдсэн. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өөрсдөө протокол хийгээд, хохирлоо тодорхойлоод хариу ирүүл гэсэн. Гэхдээ бид тус газар албан бичгийн хариуг нь өгөөгүй байгаа. Учир нь үерийн усанд орны хөнжил, даавуу ч усанд урссан. Мөн цэцэрлэгийн хоёр байрны гал тогоо зоорин давхарт байрладаг. Тиймээс гал тогооны тоног төхөөрөмж үерт өртсөн. Үүний улмаас тоног төхөөрөмжийг зэв эдчихсэн байна. Эхний ээлжид 11 ажилтнаа дуудаад, цэвэрлэгээг нь хийлгэж эхэлсэн. Нийлүүлсэн компаниа дуудаад, оношилгоо хийлгэсэн. Нийт 4 сая 700 мянган төгрөгөөр засвар үйлчилгээ хийх боломжтой гэдгийг тодорхойлсон. Засвар авахгүйг нь агтлана гэсэн бичиг өгсөн. Түүнчлэн бусад өрөөнд байсан тавилга, компьютер, тоног төхөөрөмжүүд усанд автсан. Тэдгээрийн хохирлыг тодорхойлахаар ажиллаж байна. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэргэжилтэн ирж үзсэн. Зоорин давхарт гал тогоо байх нь бохир учир энд гал тогоо байхыг зөвшөөрөхгүй гэсэн. Тиймээс технологийн зураг дахин гаргуулахаар ярьж байна. Гэхдээ төсвийн байгууллага учир технологийн зураг хийх газар олдоход амаргүй байна. 

Есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авч амжихааргүй байна. Гэхдээ эцэг, эхчүүдэд энэ мэдээллийг өгөөгүй байгаа. Амжуулна гэж бодсон ч боломжгүй юм шиг байна. Ус ороогүй байрандаа 100 гаруй хүүхэд авна. Үерт автсан хоёр байрандаа гал тогооны асуудлыг шийдтэлээ хүүхдүүдээ авч амжихааргүй байна" гэв. 

Тэгвэл Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дарга Т.Ням-Очир есдүгээр сарын 01-ээс хойш сургууль, цэцэрлэгт засвар хийхгүй байх чиглэл өгсөн гэх хариултыг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Тэрээр "Дотоод агаарийн чанар, будагны үнэртэй холбоотой асуудал. Олон жилийн насжилт болон үертэй холбоотойгоор дээврээс ус гоожих, цонх хаалганаас дулаан алдах нь бүх сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудал. Үүнийг тухайн сургууль, цэцэрлэг өөрсдийн нөөц бололцоо, орон нутгийн онцгой байдлын газар шийдвэр гаргаад явж байгаа. Баянзүрх дүүргийн 256-р цэцэрлэг усанд автсан. Нэг давхарт нь байдаг гал тогоо усанд автсанаар гурван давхар руу оруулж шаардлагатай тоног төхөөрөмжийг нь нөхөж өгөхөөр ажиллаж байна" гэсэн юм.

Харин эцэг, эхчүүд тухайн байранд хүүхдүүдээ хичээллүүлэх хүсэлгүй байгаагаа цахим орчинд илэрхийлээд эхэлсэн байна. Түүнчлэн 256 дугаар цэцэрлэгийн нэгдүгээр байр нь дөрвөн давхар, цэцэрлэгийн стандартад нийцэхгүй барилга аж. Тус байранд үерийн ус орсны улмаас хөгц, чийгний үнэр нэвчиж, хоолны хэрэгсэл нь усанд идэгдсэн учир хүүхдүүдийн эрүүл, аюулгүй суралцах эрхийг хангаж чадахгүй гэж үзэж байгаа юм. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр долоо хоногийн хугацаа л үлдлээ. Хичээлийн шинэ жилээс өмнө засвар, тохижилтоо хийж амжихгүйдээ тулсан тул энэ хорооны хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүйд хүрэх нь. Амжаад засвар хийлээ ч бага насны хүүхдүүд будаг, шохойны үнэрт сурч, хүмүүжиж таарах нь... 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment