Өнгөрөгч бямба гарагт мэдээлснээр Хавайн Мауй аралд гарсан ой хээрийн түймрийн улмаас 93 хүн амиа алджээ. Энэ тоо цаашид өсөх магадлалтайг орон нутгийн албаныхан мэдээллээд буй. Одоогийн байдлаар тус аралд 1400 гаруй хүн орон гэрээсээ дүрвэж, толгой хоргодох байранд байрлаж байна. Мөн 1000 орчим хүн сураггүй байгаа талаар Холбооны Онцгой байдлын албаны ахлах ажилтан Жереми Гринберг мэдээлжээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдлагын Агентлагаас мэдээлснээр нийт 2200 гаруй барилга байгууламж шатаж, сэргээн босгох зардал 5.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.
Хавайн ой хээрийн түймэр нь энэ зун дэлхийн олон хэсэгт гарсан байгалийн гамшигт үзэгдлүүдийн нэг юм. Умард Америк, Европ, Азийн олон оронд хэт халалт, гал түймэр, үер усны гамшгууд үргэлжилсээр байна.