Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" ВOEING787-9 DREAMLINER агаарын хөлөг Монголын “Чингис хаан” ОУНБ-д газардлаа.
Албан ёсоор хүлээн авч буй агаарын хөлгийг "Meilan" нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нисгэн, Улаанбаатарт амжилттай буулгав. МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээ мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан билээ. Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс ярьж байсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн юм.
Энэ хүрээнд "МИАТ" ТӨХК болон “AerCap” компани энэ оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ийнхүү газардлаа. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.
Уг агаарын хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалжээ.