8o
Улаанбаатар хот
mobile menu

Ямар хоол хүнс хамгийн түргэн, бас хамгийн удаан шингэдэг вэ?

2023-08-10 11:37:00

Хүний хоол хүнс боловсруулах, шингээх үйл явцын талаар АНУ-ын мэргэжилтнүүдийн USA Today сонинд нийтлүүлсэн өгүүллээс товчлон хүргэж байна.

Хоол боловсруулах үйл явцыг энгийнээр тайлбарлавал хүний бие идсэн зүйлсээ задалж, шингэрүүлж, хэрэгцээт эд эрхтнүүддээ хуваарилах үзэгдэл юм.

Энэ үйл явц таван үе шаттай явагддагийг Jen Messer Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх Йен Мессер тайлбарлажээ.

  1. Зажлах, залгих. Хоол хүнсийг буталж, шүлсний ферменттэй холих үе шат
  2. Дараа нь зажлагдсан хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. Энд ходоодны шүүс, илүү их ферменттэй холилдож, механик задрал явагддаг байна.
  3. Үүний дараа нарийн гэдсэнд шим тэжээл шингээх явц эхэлдэг гэнэ.
  4. Эндээс цусны эргэлтийн систем шим тэжээлийн бодисуудыг бие махбодын өөр өөр хэсгүүдэд дамжуулж, хадгалах, ашиглах үйл явц эхэлдэг байна.
  5. Үлдсэн хэсгийг бүдүүн гэдсэнд илгээж, дахин шингээх явц үргэлжилдэг байна. Эндээс үлдсэн хэрэгцээгүй болон ашиглагдаж амжаагүй бүх хэсэг ялгадас болон хүний биеэс гадагшилдаг байна.

Хоол хүнс шингээх үе шат бүр өөр өөрийн үргэлжлэх хугацаатай. Нэгдүгээр шат нь хамгийн богино буюу хэдхэн секундэд үргэлжилдэг байна.

Хоёр дахь шат нь 2-4 цаг үргэлжилдэг. Нарийн гэдсэнд боловсрогдох үе шат 4-6 цаг үргэлжилдэг байна. Хамгийн сүүлийн үе шат хүн бүрийн хувьд янз бүр байдаг ч ерөнхийдөө 12-24 цагийн хугацаанд үргэлжилдэг ажээ.

Бүх үе шат дуусах хугацааг 24-72 цаг гэж Нью-Йоркийн Их сургуулийн профессор, “Finally Full, Finally Slim” номын зохиогч Лиза Янг бичсэн байдаг.

Хоол боловсруулах үйл явц маш олон хүчин зүйлээс хамаардаг, их нарийн үзэгдэл юм.

Тухайлбал тухайн хүний бодисын солилцоо, нас, хүйс, стрессийн түвшин, эрүүл мэнд, энзим үйлдвэрлэх чадвар, ходоодны бактерийн хэмжээ, хөдөлгөөний идэвх, хоол хүнсний хэмжээ зэргээс хамаардаг байна.

Нас нэмэгдэх тусам хоол боловсруулах үйл явц удааширдаг нь батлагдсан зүйл гэнэ. Бас стрессийн түвшин чухал нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал хоол боловсруулахад ашиглагддаг бодисууд энэ үед стресс, түгшүүрийн эх үүсвэртэй тэмцэхэд зориулагдаж, үүрэг нь солигддог тул боловсруулалт нь удааширдаг ажээ.

Профессор Янгийн тодорхойлсноор хамгийн удаан боловсордог хоол хүнс нь “Тарган мах, шарсан хүнс, хагас боловсруулсан хүнс” гэнэ. Ерөнхийдөө өөх тос их агуулсан хүнс задрахдаа хамгийн их цаг зарцуулдаг ажээ.

Нөгөө талаар уураг болон эслэг хүнс цатгалан мэдрэмжийг хамгийн удаан хадгалж, хамгийн урт хугацаанд задардаг гэнэ.

Их ус уух нь хоол боловсруулалтыг хурдасгахад нэмэртэйг Аризона мужийн Mayo Clinic эмнэлгийн гастроэнтерологич Жэми Беринг зөвлөжээ.

Хамгийн түргэн шингэдэг хоолоор судлаачид нүүрс усны агуулгатай болон чихэрлэг хүнсийг нэрлэсэн байна.

“Тамирчдад гадил, бал, жимс хэрэглэж, спортын ундаа уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг нь үүнтэй холбоотой” гэж Мессер тайлбарлажээ. Бас чанаж болгосон хүнсний ногоо, өндөг, цагаан будаа, салмон загас хамгийн богино хугацаанд хүний биед шингэдэг байна.

Хүн бүрийн бие махбод өөр өөрийн онцлогтой тул ямар ч хоол хүнс хэрэглэсэн өөрийн биеийг чагнаж, мэдрэх нь хамгийн чухал болохыг Мессер зөвлөжээ.

 

Эх сурвалж: USA Today

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment