"Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-нд болж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцаагаад буй. Уг асуудлаар болон авлига хорооллын талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өнчин ишиг хэмээн шуугиад буй энэ хэрэг аль аль талдаа хатуу сургамж болж байна.
Малын хулгай 2017-2020 оны хооронд огцом нэмэгдэж, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 1,809 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн байдаг. Учир нь малын хулгайчид 24-өөс бага бог, 8-аас бага бод мал хулгайлбал хөнгөн ял шийтгэлтэйг далимдуулж малын хулгайн тоо ийнхүү огцом өссөн дүн гарч байлаа.
Өөрөөр хэлбэл цөөн тооны мал хулгайлж, бага хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байсан.
2020 онд УИХ-аас Эрүүгийн хуульд малын хулгайтай тэмцэх бодлогын хүрээнд дээрх үйлдлийг таслан зогсоож зохих өөрчлөлтүүдийг хийж баталсан. Ингэснээр сүүлийн жилүүдэд малын хулгайн тоо багасаж 2023 оны долдугаар сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг 437 бүртгэгдсэн нь уг хуулийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт Авлига хорооллын хувьд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийн төсөл бэлтгэгдэж байна" гэв.
Авлига хороолол гэж нэрлэгдээд буй Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden" хорооллын барилгын ажлыг зогсоогоод байгаа. Тус хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг мэргэжлийн байгууллагаас танилцуулж байв.