8o
Улаанбаатар хот
mobile menu

Тарваган тахал авсан өвчтөний нэгдүгээр хавьтал 15 болж нэмэгдсэн

2023-08-09 11:11:00

Өчигдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн. Нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаатараас тодрууллаа. 

-Халдвар авсан иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Халдвар авсан иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг өвчин. Хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм. Тухайн иргэн харьцангүй эрт мэдээлсэн. Одоо эмчилгээ хийлгэж байна. 

-Тарваган тахлын олон хэлбэр байдаг юм байна.  Уушгины, гэдэсний гэгчлэн ялгаатай байдаг бололтой. Энэ тохиолдол аль хэлбэрээр нь өвчилсөн бол? 

-Халдвар ямар замаар авсан гэдгээс нь шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Тарвагатай хүрэлцэх явцдаа арьс салстаар дамжин булчирхайн хэлбэрээр өвчилж болно. Мөн тарваганы мах идэх явцдаа буюу гэдэсний халдвараар өвчлөх тохиолдол бий. Түүнчлэн арьсны, уушгины гээд олон янз байдаг. Хамгийн аюултай нь уушгины хэлбэр. Энэ нь хүнээс хүнд, амьсгалын замаар халдварладаг. Энэ тохиолдол тарваган тахлын гэдэсний халдвараар өвчилсөн болохыг нь тогтоосон. 

-Хэнтий аймгаас халдвар авсан гэж ойлгосон. Зөв үү?

-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын танихгүй хоёр залуугаас дөрвөн ширхэг тарвага худалдаж авсан юм билээ. Түүнийгээ Хэнтий аймгийн Биндэр суманд очоод, хэсэг хүмүүсийн хамт хүнсэнд хэрэглэсэн. Зарим хавьтлуудын асуумжаар, түүхийгээр нь эд эрхтнийг нь шууд хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ явцдаа халдвар авсан болохыг нь тогтоогдсон. Тарваган тахал өвчин нь коронавирусийн халдвараас нас баралтаараа 30-60 орчим хувиар их. Олон улсад бүртгэгдэж буй тарваган тахлын тохиолдол дундаас манай улсын тарваган тахлын нян хамгийн хоруу чанартай. Манай улсын нийт 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Тэндээс агнаж, хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдвар авах бүрэн эрсдэлтэй. 

-Тарваган тахал гарсан голомтод хөл хорио тогтоосон уу? 

-Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын захирамжийн хүрээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. 

-Өчигдрийн байдлаар 5 хүнийг нэгдүгээр хавьтлаар тогтоож, тусгаарласан гэж байсан. Энэ тоо нэмэгдсэн үү? 

-Одоогоор ХӨСҮТ-д 9 хүн тусгаарласан. Урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн Баян-Адарга суманд тарвага агнаж, худалдаалсан хоёр иргэнийг тусгаарлалтад авсан. Тарваганы мах хамт идсэн гурван хүнийг мөн тусгаарласан. Хэнтий аймгийн төвд өвчтөнийг нийслэл рүү тээвэрлэсэн жолооч тусгаарлагдсан байна. Нийт 15 хавьтлыг олж илрүүлэн тогтоосон. 

-Нэгдүгээр хавьтлын иргэдээс шинж тэмдэг илэрсэн хүн бий юу? 

-Хавьтлуудад эмнэл зүйн шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Тарваган тахлын шинж тэмдэг илрэх нууц хугацаа нь 6 хоног байдаг. Тиймээс тэдгээр иргэдийг 6 хоног тусгаарлаад, шинж тэмдэг илрэхгүй бол тусгаарлалтаас гаргана. 

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороонд тарваган тахал бүртгэгдсэн талаар танай байгууллага мэдээлсэн. Тус бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн үү. Хэдэн удаа, ямар байдлаар халдваргүйжүүлэх вэ? 

-Голомтод нэг удаагийн халдваргүйжүүлэлт хийдэг. Өчигдөр энэ ажил хийгдсэн. Голомтыг хумих ажил хийгдсэн гэсэн үг. Тэгэхээр одоо өвчтөний биеийн байдлыг хянах, нэгдүгээр хавьтлуудыг ажиглах ажил хийгдэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment