8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх боломжтой

2023-08-04 10:05:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлалын хүрээнд “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.

Энэ тухайд Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодруулахад "Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Тээврийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнээс гадна Төрийн департмент, Тээврийн яам хамтарсан гурвалсан гэрээг мөн байгуулсан. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл түүхэн гэрээ болж байна. 2002 оноос хойш хорь гаруй жилийн хугацаанд АНУ-аас манай улс руу шууд нислэг үйлдэх санал тавьсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, агаарын тээврийн либерчлалын хүрээнд АНУ руу ийнхүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Түүнчлэн тодорхой бэлтгэл ажил хангагдах ёстой учраас 2024 оны эхний хагас жилд багтаан шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн. 

Өнгөрсөн хугацаанд АНУ руу зорчихын тулд Бээжин, Истанбул, Сөүлээс дамжих байдлаар хамгийн багадаа 24-48 цаг зарцуулдаг байсан. Харин шууд нислэг үйлдэж эхэлвэл Улаанбаатар хотоос АНУ руу 12 цаг нисэж, тус улсын аль ч хотод очих боломжтой болох юм. Ингэснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурна. Мөн хамгийн ойрхон учраас Сан Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Мэдээж хэрэг нислэгийн хугацаа багасч байгаа учраас тасалбарын үнэ мөн буурна. Өнөөдрийн байдлаар тус улс руу зорчих тасалбарын үнэ 3000-4000 доллар байгаа бол шууд нислэг үйлдсэнээр тасалбарын үнэ 1500 орчим доллар болж буурах юм. Өөрөөр хэлбэл манай улсын иргэд богино хугацаанд, хямд тасалбараар АНУ руу зорчих боломжтой болж байна. 

2019 онд АНУ, Монгол улс хооронд 60 мянга орчим нислэг үйлдэж байсан. Тийм учраас долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх боломжтой гэж ойлгож болно. Нөгөө талаас шууд нислэг үйлдэх нь хоёр улсын эдийн засаг, бизнес, харилцаа, соёл, боловсрол гээд бүхий л талаар эерэг нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар хоёр улс хоорондын худалдааны эргэлт 200 сая доллар хүрэхгүй хэмжээнд байгаа. Харин АНУ, Монгол улс хооронд нислэг үйлдэх нь манай улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес хөгжих таатай нөхцөл бүрдэх юм.

Одоо нислэг үйлдэж байгаа онгоцнууд АНУ руу шууд нисэх боломжтой юу

Туулах замын хувьд 10 000 гаруй мянган км учраас Монгол дахь онгоцнууд нисэж хүрдэггүй. Тийм учраас шинээр онгоц авахаар төлөвлөж буй. Тодруулбал, шууд нислэгт зориулж Миат ХК БОИНГ-787, БОИНГ-900 маркийн хамгийн сүүлийн үеийн онгоц авч байгаа. Эхний онгоц наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод бууна. Дараагийн онгоц ирэх оны нэгдүгээр улиралд багтаж ирэх юм. Ийнхүү АНУ болон холын нислэг үйлдэх боломжтой болж байна. 

Агаарын тээврээс гадна өөр бусад ямар ямар тээврийн салбарт хамтарч ажиллах вэ

Тээврийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, улам бүр бэхжүүлэх чиглэлээр тээврийн салбарт хамтарч ажиллах талаар олон асуудал хөндсөн. Агаарын тээврээс гадна усан зам, төмөр зам, авто тээвэр гээд олон чиглэлээр хамтарч ажиллан Монгол Улсыг хөгжүүлэх талаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд АНУ-аас Таван толгой төмөр зам эхний ээлжид 16 зүтгүүр авахаар төлөвлөж байна. Эхний зүтгүүрүүд арваннэгдүгээр сард орж ирнэ. Цаашдаа зүтгүүр авах боломж бололцоо бүрдэнэ" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нэг л нисэхэд болно доо, эрэлт хэрэгцээгээ мэдэрч ярих хэрэгтэй. Сэтгэл хөдлөл, мөрөөдөл бол албан ажил биш шүү.
2023/08/06 59.153.113.204
  • Recent
  • Most Read
  • Most Comment