8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн нийт үлэг гүрвэлийн олдворын тавны нэг нь Монголын нутгаас олдсон

2023-07-05 12:12:00

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн Монгол нутгаас үлэг гүрвэлийн өндөг анх олдсон, палеонтологийн судалгаа явуулж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Динозавр-Фестиваль”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус хүрээлэнгээс мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээг 7 дугаар сарын 29-30 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газарт буюу үлэг гүрвэл олдсон газарт нь зохион байгуулна.  

Дэлхийн нийт үлэг гүрвэлийн олдворын тавны нэг нь Монголын нутгаас олдсон байдаг. Харин иргэд энэ талаар дэлгэрэнгүй мэдлэг, ойлголт дутмаг тул судалгааны хүрээнд олж авсан мэдлэгийг танин мэдэхүйн хүрээнд энгийн, цэгцтэйгээр ойлгуулах зорилготой юм. 

Арга хэмжээний дэд бүтцийг 2000-5000 хүн хүлээж авахаар төлөвлөж байгаа ба хоол хүнс, байрлах орчин, урлагийн үзүүлбэр зэргийг багтаасан цогц арга хэмжээ болно гэдгийг онцлов. Мөн хүүхдүүдэд зориулсан “Залуу палеонтологич” булан байх юм байна.

2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгосонтой холбоотойгоор тус фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Манай оронд тусгай чиглэлийн буюу шинжлэх ухааны аялал жуулчлал сайн хөгжөөгүй тул уг арга хэмжээг энэ чиглэлийг хөгжүүлэх суурь болно гэж үзэж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл