УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр М.Оюунчимэг гишүүн "Үндсэн хуульд зааснаар бүх хүн тэгш эрхтэй. Малчин нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг нь төрөөс төлөх заалт оруулж ирж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхсан үйлдэл. Нийгмийн даатгалын багц хууль гэсэн хуулиар ингэж буруу жишиг тогтоох нь маш буруу. Малчид өөрсдөө ч ийм байр суурьтай байгаа.
Малчдыг ирээдүйд ядуу, орлогогүй байх учраас халамжийн тэтгэвэрт өртөж магадгүй гэсэн байдлаар хандаж болохгүй ээ. Монгол хүн амны билгээр гэж ярьдаг шүү дээ. Ингэж төлөхгүй бол ирээдүйд 13 их наядын халамжийн тэтгэвэр олгоно. Энэ нь төсөвт дарамт болно гэж бодит бус тооцоолол ярьж байгаа нь буруу.
Мянгат малчин болон орлого ихтэй малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчин, цөөхөн малтай малчин байгаа. 50 хувийг нь даалаа ч үлдснэ 50 хувийг нь малчид өөрсдөө төлөх боломжгүй гэсэн судалгааны дүн гарсан байна лээ. Малчдын нийгмийн даатгалын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх юм бол биднийхийг бас яагаад төлж болох гэж гэсэн байр суурийг тариланчид, Улаанбаатар хотод өрхийн бизнес эрхлэгчид, зах дээр худалдаа эрхэлж байгаа хүмүүс илэрхийлж байна" гэлээ.