Охиных нь амийг хөнөөсөн алуурчныг 35 жил цөхрөлтгүй эрэн сурвалжилж байсан Британийн иргэн Жон Вард 89 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.
Түүний охин, байгалийн гэрэл зурагчин Жюли Вард 1988 онд 28 настайдаа Африк тивийн Кени улсад аялж байгаад амиа алдсан юм.
Түүний мөчилж, шатаасан цогцсыг сураггүй алга болсноос нь хойш долоо хоногийн дараа олж байжээ.
Өнгөрсөн хугацаанд эцэг Вард охиныг нь алсан этгээдийг эрэн сурвалжлахад нийтдээ 2 сая фунт стерлинг ($2.5 сая) зарцуулсан байна.
Жюли Вард
Хоёр долоо хоногийн өмнө Вардын гэргий Жэн бас охиныхоо хэргийн үнэн мөнийг олж чадалгүй нас баржээ.
Вардын хоёр хүү болох Боб, Тим нар эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Тэд аллагын буруутныг олж тогтоохоос гадна 35 жилийн хугацаанд аавынхаа хийсэн ажлын талаар ном, баримтат кино бүтээхээр төлөвлөжээ.
“Аав маань сүүлийн 35 жилийн хугацаанд юу хийснийг дэлхий нийтээрээ харах болно. Энэ бол ер бусын түүх, гэхдээ хүмүүс үүний хагасыг л мэдэж авах байх” гэж талийгаачийн хөвгүүд BBC сувагт ярьсан байна.
Тухайн үед Кени улсын эрх баригчид Жюлийг зэрлэг амьтанд бариулсан гэж дүгнэж байжээ. Гэвч сүүлд ноён Вардын цуглуулсан баримттай танилцсаны дараа энэ нь аллага байсныг хүлээн зөвшөөрсөн гэдэг.
Эмэгтэйн аллагад сэжиглэгдэж байсан хоёр байгаль хамгаалагчийг 1992 онд хангалттай нотолгоо олдоогүй үндэслэлээр цагаатгаж байжээ.
Кенийн цагдаагийн газар 1997 онд хэргийг дахин мөрдөж, бас нэг сэжигтнийг татсан ч 1999 онд шүүхээр цагаатгагдсан юм.
Өнгөрсөн хугацаанд Жон Вард нийтдээ 100 гаруй удаа Кени улсад хүрэлцэн ирж, охиныхоо хэргийн мөрөөр ажиллаж байжээ.
Эх сурвалж: BBC